ТУЗ бүрдсэнээр “Эрдэнэт”-ийн хүлээгдэж буй ажлууд урагшлах нь
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын эдийн засгийн гол ачааг үүрэлцдэг "Эрдэнэт" үйлдвэрийн ажил жигдрэх нь. Учир нь сар гаруйн хугацаанд Эрдэнэтийн 49:51 хувийн төлөөллүүд хэлцэл хийсний үр дүнд ТУЗ-ийн гишүүдээ томилжээ. Энэ тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээллээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдний 4 нь 51 хувийг эзэмшигч төрийн төлөөлөл байх бол 3 нь “Монгол зэс” компаниас бүрдэж байна. Засгийн газрын буюу "Эрдэнэт"-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд нарын 4 хүн төлөөлөх бол "Монгол зэс" / Mongolian Copper Corporation/ компаниас ТУЗ-ийн гишүүнээр "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Mongolian Copper Corporation" компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар ажиллахаар болжээ. Харин ТУЗ-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүлэх юм байна .
Ийнхүү ТУЗ бүрдсэнээр “Эрдэнэт”-ийн хүлээгдээд байгаа ажлууд урагшлахаар боллоо.
Сэтгүүлчдийн асуултад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ийнхүү хариулав.
-ТУЗ хэзээ хурлаа хийх вэ. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралд ямар хүмүүс нэр дэвшиж байна вэ?
- “Эрдэнэт”-ийн хувь эзэмшигчдийн төлөөлөл 10 гаруй удаа хуралдсаны эцэст ТУЗ-ийн дарга, үйлдвэрийн ерөнхий захирлын томилгоо 4 жилийн хугацаанд хүчинтэй байх шийдвэр гарсан. 49 хувийг эзэмшигчид ТУЗ-ийн дарга, үйлдвэрийн захирлыг хоёр жилээр ээлжлэн томилох санал гарсан. Үүнийг ярилцаад давуу эрхийн хүрээнд 51 хувь эзэмшигчийн төлөөллөөс захирлыг томилохоор болсон. ТУЗ байгуулагдсан учир захирлын нэр дэвшүүлэхээс эхлээд үйлдвэрийн үйл ажиллагааг явуулах эрх нь үүсч байна. Тиймээс ТУЗ-ийн шийдэх асуудлууд үлдэж байна. Удахгүй хурлаа хийх байх. Ямар хүмүүс “Эрдэнэт”-ийн захиралд нэр дэвшихийг би мэдэхгүй. ТУЗ-ийн шийдэх асуудал бөгөөд захирлаар томилогдох хүн 66.6 хувиас дээш санал авч байж гарч ирнэ. Нэг үгээр ТУЗ-ийн 5 гишүүн нэр дэвшигчийн төлөө саналаа өгснөөр ялалт байгуулах юм.
-ТУЗ томилогдчихлоо. Талууд ямар зарчмаар ажиллах вэ?
-Ерөнхий сайд бүх асуудлыг хуулийн хүрээнд явуулах чиглэл өгсөн. Манай Компанийн тухай хуулийн дагуу компани дэргэдээ гурван хороотой байна. Компаниудын Аудитын хороог цөөнх тал ахлахаар хуульд заасан байдаг. Тиймээс Эрдэнэтийн аудитын хороо болон нэр дэвшүүлэх хороог 49 хувь эзэмшигч ахлах юм. Харин цалин, урамшууллын хороог 51 хувийг эзэмшигч буюу төрийн төлөөлөл ахална.
- Гадуур Г.Алтан, Ч.Ганзориг, Т.Бадамжунай нарыг “Эрдэнэт”-ийн даргаар томилно гэсэн яриа байна. Энэ тухайд?
- Би хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй мэдээлэлтэй байна.
-“Эрдэнэт”-ийн ТУЗ томилогдчихлоо. Эрдэнэтэд төрийн 51 хувийг төлөөлж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар цаашид ямар үүрэгтэй ажиллах вэ?
-Тухайн үйлдвэрийн үйл ажиллагааны зорилтот түвшинг хангахад оролцоно. Өөрөөр хэлбэл цалин хөлс, орлого зарлагын хуваарилалт дээр менежментийн хяналт шалгалтыг бид хийнэ гэсэн үг.
-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэшигчийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв зөрчил илэрвэл эргүүлэн татах асуудал хөндөгдөх үү?
-Энэ талаар сайн мэдээлэл алга. АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэлтэй л байна.
- “Эрдэнэт” үйлдвэрээс хүмүүс халлаа гэсэн мэдээлэл явж байгаа. ТУЗ шинэчлэгдсэнээр бүтцийн өөрчлөлт хийх үү?
-20 гаруй хүнийг сольсон гэсэн мэдээлэл бий. Нөгөө талаар бүтцийн өөрчлөлт хийнэ хэмээн нийгэмд шуугиан тарьсан зүйл байгаа. Ийм зүйл гаргаж болохгүй гэдгийг 49 хувь эзэмшигчид хэлсэн. Шинэ ТУЗ, удирдлага бүтцийн асуудлыг шийднэ.
- “Эрдэнэт”-ийн адил Монголын талд 100 хувь шилжсэн компани бол "МОНРОСЦВЕТМЕТ" нэгдэл юм. Тус үйлдвэрийн асуудал Эрдэнэтийн сүрд дарагдаад чимээ алдарлаа. Эл компанийн ТУЗ-ийг ямар бүрэлдэхүүнээр сонгох вэ?
-"МОНРОСЦВЕТМЕТ" нэгдлийн хувьд ТУЗ-ийн гишүүн 7 байх бөгөөд төрөөс дөрөв, 49-ийн төлөөллөөс гурван гишүүн байна. Ирэх 7 хоногт шийд нь гарна. Эрдэнэт үйлдвэрийн зарчмаар явна.
-Төрийн өмчит компаниудын удирдлагууд өндөр цалинтай бөгөөд ихэнх нь ашиггүй ажиллаж байна. Эдгээр компаниудын менежментийг сайжруулахын тулд танай газраас ямар арга хэмжээ авч байна?
-Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд, дарга удирдлагууд өндөр хэмжээний цалин, урамшуулал хүртдэг болон компаниуд ашиггүй ажилласан ч урамшууллаа авч буй тогтолцоог хална. Үүнд бид судалгаа хийж байгаа бөгөөд хэн ямар цалин хөлс авч байсан талаар нийтэд мэдээлнэ. Эрдэнэтийн хувьд сүүлийн дөрвөн жилийн санхүү, хөрөнгө оруулалт болоод хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажилласныг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг гарсан.
-Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилдогдсон хүн хэд, хэдэн компанийг төлөөлдөг. Үүнийг өөрчилж байгаа юу?
- Нэг хүн хоёроос дээш төрийн өмчит компанийн ТУЗ-д томилогдохгүй байхаар зохицуулалт хийж байгаа.
Б.Заяа