ӨВӨРХАНГАЙ: III цэцэрлэг түүхэн ойгоо угтан ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-22 10:27:32

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/.  Арвайхээр сумын улсын тэргүүний III цэцэрлэгийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд 30 гаруй бүтээлч ажлыг өрнүүлэн хэрэгжүүлж байгаа юм.


Тухайлбал, цэцэрлэгийн өнгө төрхөө сайжруулахаас гадна ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Эцэг эх, олон улсын байгууллагын тусламжаар цэцэрлэгийн хамт олон 2012 оноос эхлэн мод тарих ажлыг өрнүүлж эхэлсэн бөгөөд 1400 гаруй мод бут ургуулснаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хэмжээнд ногоон байгууламжаараа тэргүүлэх эгнээнд ордог. Уг ажлыг ойгоо угтан үргэлжлүүлж байна.



Мөн тус цэцэрлэг олон улсын төсөл хөтөлбөрийг гурван удаа амжилттай хэрэгжүүлсэн юм. БНСУ-ын КОЙКА, Япон Улсын ЖАЙКА, Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай хамтран ажиллаж, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлжээ.


1975 онд Монголын Хүүхдийн төлөөх фондын дарга А.И.Филатовагийн санаачилгаар ЗХУ /хуучин нэрээр/-ын хөрөнгө оруулалтаар 25 хүүхдийн хүчин чадалтай барилга барин тус цэцэрлэгийг байгуулж байв. Өдгөө дөрвөн багийн 230 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байна. 




相关新闻