ХОВД: Шилдэг гарааны бизнесийг шалгаруулж санхүүжилт олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-27 10:31:01

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Залуусын гарааны бизнесийг дэмжих “Start up-2025” уралдааны шилдгүүд тодорчээ.


Ховд аймагт залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байна. “Start up-2025” хөтөлбөрийн танилцуулга, уралдааны шалгаруулалтыг энэ сарын 23-нд зохион байгуулсан юм. 


Энэ үеэр өв соёл аялал жуулчлал, акустик урлал, гал зуухны дагалдах хэрэгсэл, гялгар уут дахин боловсруулах зэрэг 13 шинэ төсөл, бизнес санааг залуус танилцуулж, шилдэг оролцогчийг шалгаруулжээ.  


Энэ жилийн хувьд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөлд 30 сая төгрөгийн 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй хоёр бизнес төсөлд олгож байгаа. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар ЗДТГ-аас 20 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэгийг хоёр бизнес төсөлд олгохоор шийдвэрлэсэн юм. 


Шалгаруулалтын үр дүнд усан дээр тариалалт хийж, дөрвөн улирлын турш иргэдийг нарийн ногоогоор хангах зорилт бүхий “HyBrid" тариалалт төсөл, “Хиаг цай” төсөл шалгарч тус бүр 15 сая төгрөгийн санхүүжилтийн эрх гардан авлаа.


Харин гялгар уут дахин боловсруулах төсөл, Ховдын зохион бүтээгчдийн сургалтын төв гэх төсөл аймгийн ЗДТГ-аас олгож буй 10 сая төгрөгийн санхүүжилтийн эрхийг тус тус авчээ.  


Орон нутгийн баялаг бүтээгч, гарааны бизнесүүдийн санаачилга, чадавхыг нэмэгдүүлж, шинээр бизнес эрхлэх орчныг сайжруулах, инновац, энтрепренершипийг дэмжихэд дээрх үйл ажиллагаа чухал ач холбогдолтой.


“Start up” үйл ажиллагааг 2017 оноос эхлэн зохион байгуулж буй. Өнгөрсөн хугацаанд эко гутал, ингэний ферм, тоглоомын төв гэх мэт 50 гаруй шинэ бизнес санааг дэмжиж, санхүүжилт олгосноор үйлдвэрлэл өргөжиж байна. 

 

Тус аймаг 2025 оныг бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих жил болгосноороо онцлогтой.  

相关新闻