Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубиотой утсаар ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-30 21:28:39

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой өнөөдөр утсаар ярив.


Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны дагуу баяжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлээд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д 2024 онд хийсэн айлчлалын мөрөөр Англи хэлийг заах ба сурах төгөлдөршил төвийг нээх зэрэг ажил эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцоллоо. Мөн АНУ-ын “United Airlines” компани Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хооронд зорчих урсгал, аялал жуулчлал, бизнесийн харилцаа нэмэгдэх ач холбогдолтойг тэмдэглэв.


Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэх, тэр дундаа Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяныг үр бүтээлтэй үргэлжлүүлэх талаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээлэв.

 

相关新闻