АРХАНГАЙ: Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-02 08:35:57

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймаг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Хүнсний хувьсгал, Тэрбум мод, Цагаан алт, Шинэ хоршоо зэрэг хөдөлгөөний зорилтуудын хүрээнд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Хамтын ажиллагааны хүрээнд:


-Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүнийг нутагшуулах,

-Их сургуулийн шаталсан сургалтад орон нутгийн ААН, байгууллагын мэргэжилтэн, иргэдийг хөнгөлөлттэй нөхцөл, хялбаршуулсан үйлчилгээ, богино хугацаагаар сургах,

-Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, үржил селекцийг төлөвлөн хэрэгжүүлэх,

-Мал амьтны өвчинтэй тэмцэхэд орчин үеийн арга технологийг нэвтрүүлэх,

-Бэлчээр болон тариалангийн талбайн хөрсний үржил шимийг судлах, сайжруулах,

-Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тоног төхөөрөмжийн сонголт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх,

-Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний ерөнхий зураглал хийх,

-Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах технологи нэвтрүүлэх зэрэг 16 чиглэлээр хамтран ажиллах юм.


Ташрамд, аймгийн хөдөө аж ахуйн зарим тоог дурдъя.


-2024 оны мал тооллогоор 4.1 сая толгой мал тоолуулсан.

-Архангай аймгийн эдийн засгийн 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан.

-42.7 мянган ажиллагсдын 80.8 хувь буюу 35.4 мянга нь хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж байна.

-16860 малчин өрхийн 27405 малчинтай.

-Нийт нутаг дэвсгэрийн 68.5 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар.

-Мал аж ахуйгаас жилд 40.2 мянган тн мах, 28.7 мянган тн сүү, 420 тн ноолуур, 3700 тн ноос, 1.3 сая ширхэг арьс, шир авдаг.

-Газар тариалангийн салбарт 69 аж ахуйн нэгж, 625 иргэн ажилладаг.

-Үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногооны тариалалт жил бүр өсөлттэй байгаа ба 2024 онд 15353 га талбайд тариалалт хийж, 22599 тн ургац хураан авчээ.

-Мах, сүүний дотоодын үйлдвэрлэлээрээ аймгийн иргэдийг 100 хувь хангадаг. 

相关新闻