УВС: Чандмань уулын аймаг 8 хошуу, 41 сум, 115 багтай байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 1931 оны 2 дугаар сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьжээ.
Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11-р
сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:
"Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд
далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг
Улаангомд суурьшуулахаар тогтлоо. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115
баг, 660 арванаар бүрдэл болон байгуулсан болой" гэжээ.
Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.
1925-1931 онд Чандмань уулын аймаг, 1931-1932 онд
Дөрвөдийн аймаг, 1933 оноос Увс аймаг гэж тус тус нэрлэж ирсэн түүхтэй аж. Иймээс
Увс аймаг нь 1925 онд байгуулагдсан Чандмань уулын аймгаас эхлэлтэй гэж үзэж, 2005
онд 80 жилийн ойг тэмдэглэж байсан юм. Энэ онд Увс аймгийн түүхт 100 жилийн ой
тохиож байна.
1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс
аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ.
Ташрамд, 1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа
голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар
толгой, Бор үзүүр зэрэг газарт тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс
тавигдаж, улмаар Улаангом хотын анхны шав тавигдсан гэж үздэг байна.
1871 онд Чандмань уулын орчимд анхны дацан болох Лүүжин дацан байгуулсан нь Улаангомын хүрээний анхны суурь болжээ. Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дуган, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд нэр нөлөө нь ихсэж, 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна.