Монголын багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-04 10:14:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын нийслэл Улаанбаатар хотын Д.Сүхбаатар талбайд энэ сарын 23-нд эхэлнэ.


Дэлхийн 30 гаруй орны шилдгүүд чуулах энэхүү тэмцээнд оролцох манай багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарлажээ. Тодруулбал, эрэгтэйчүүдээс Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нарыг дуудав. Тэднээс дөрөв нь цааш шалгарч, Монголынхоо үзэгчдийн өмнө ДАШТ-д шилдгүүдтэй тоглоно.


Тэгвэл эмэгтэйчүүдээс О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Булбул, Б.Энхтуул, Э.Нарангоо, Н.Нандинхүсэл, Ц.Болорцэцэг, Б.Болор-Эрдэнэ, М.Цэрэнлхам, Б.Нямцэцэг нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудлаа. Үүнээс дөрөв нь шигшээд багтан ДАШТ-д өрсөлдөх юм. Манай баг “М банк арена” болон “Сэлбэ”, “Уран ган”-д бэлтгэлээ базааж байна.


Монголын эрэгтэйчүүд тус тэмцээний хамгийн эхний тоглолтоо энэ сарын 23-нд хүчирхэг АНУ-ын багтай хийх бол эмэгтэйчүүд 24-нд эхлээд Бразилтай тоглох хуваарьтай байна. ДАШТ-д өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарийг хүргэе.


Зургаадугаар сарын 23: Монгол-АНУ /эр, 18:25 цагт/

Зургаадугаар сарын 23: Латви-Монгол /эр, 20:15 цагт/

Зургаадугаар сарын 24: Бразил-Монгол /эм, 18:25 цагт/

Зургаадугаар сарын 24: Монгол-Испани/эм, 20:15 цагт/

Зургаадугаар сарын 25: Монтенегро-Монгол /эр, 18:00 цагт/

Зургаадугаар сарын 25: Монгол-Япон /эр, 20:15 цагт/

Зургаадугаар сарын 26: ХБНГУ-Монгол /эм, 18:00 цагт/

Зургаадугаар сарын 26: Монгол-Украйн /эм, 20:15 цагт/



相关新闻