Монгол, Солонгосын уран бүтээлчид “Чио Чио Сан” дуурийг тайзнаа толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-04 10:46:08

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас Ж.Пуччинигийн алдарт “Чио Чио Сан” дуурийг энэ амралтын өдрүүдэд буюу 7, 8-нд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.


Энэ удаа Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран тайзнаа амилуулахаараа онцлогтой. Тодруулбал, энэ сарын 7-ны тоглолтод Солонгосын уран бүтээлчид гол дүрийг бүтээх бол 8-нд Чио Чио Санд Г.Энхнаран, Сүзүкид Ж.Энхмаа тоглох ажээ. 


Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг 1904 онд алдарт “Ла Скала” театрт тоглосон ч үзэгчид хүлээж аваагүй байна. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засаж, гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглосон нь амжилт олсон түүхтэй. Дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар зохиолч Жон Лютер Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Ж.Пуччини гурав дахь хувилбараа бичиж Нью-Йоркийн театрт тоглуулсан бол 1907 онд дөрөв дэх хувилбартаа зарим хоолойг нэмснээр Парист анх үзэгчдийн хүртээл болгосон байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлчээр Ж.Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг өдгөө дэлхий дахинд тоглож байгаа юм. “Чио Чио Сан” дуурь дэлхий дахинаа тогтвортой хамгийн их тоглодог дуурийн зургаадугаарт жагсдаг билээ.


Тэгвэл манай тайзнаа энэ дуурийг анх 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар удирдсан байдаг.


Тус дуурьт хайр сэтгэл, үр хүүхдийнхээ төлөө амь насаа өгөх үнэнч сэтгэл, хатан зоригт ази бүсгүйн тухай өгүүлдэг. Үйл явдал нь бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд япон эмэгтэй болон Америкийн тэнгисийн цэргийн офицерын тухай юм. Чио Чио Сан бол барууны соёл иргэншилд итгэж, үнэн сэтгэлээсээ хайрласан япон бүсгүйн дүр. Түүнийг хаясан Америкийн офицер Пинкертон болон барууны колоничлолын бэлгэдэл дүрүүд шүүмжлэл дагуулсан ч, энэ нь дуурийг улам гүн гүнзгий, олон утгатай болгодог байна. Ж.Пуччини энэхүү дуурийг бичихийн тулд Японы хөгжмийн зэмсэг, ардын дуунууд, ёс заншлыг судалж, япон хөгжмийн элементүүдийг европын дуурийн хэв маягт уусгажээ.

相关新闻