Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-04 11:48:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг манай төлөөлөгчид хэлэлцүүлэн батлууллаа.


Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл Австри, Бахрайн, Бразил, БНСУ, БНХАУ, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, ХБНГУ, Тайланд, Турк, Япон, Төв Азийн таван улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдэв.


Энэхүү тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг энэ оны долоодугаар сарын 11-нд дэлхий нийтээр анх удаа тэмдэглэх юм.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээс үзвэл, өнөөдөр дэлхийд 57 сая уналга эдэлгээний адуу тоологдоод байна. Адууг уналга, ачлага, морин спорт, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж буй. Гэхдээ сүүлийн жилүүдэд технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт, хүний амьдралын хэв маяг болон бусад хүчин зүйлийн нөлөөнөөс улбаалж адууны тоо толгой цөөрч, үүлдэр угсаа, адууны аж ахуйд анхаарал хандуулах нь буурсаар байгаа аж.

Иймд эрт дээр үеэс адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон ард түмнээ төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, адууны ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд жил бүрийн долоодугаар сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан юм.    



相关新闻