Чехийн Пардубицэ хотод монгол хэл, өв соёлын “Mon Week School” төв үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-04 16:30:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх тавдугаар сарын 31-нд Пардубицэ хотод ажиллах үеэрээ монгол хэл, өв соёлын “Mon Week School” төвийн нээлтэд оролцов.

 

Элчин сайд Д.Гансүх хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д хийсэн айлчлалынхаа үеэр монгол хэл, соёлын сургуультай болохыг сайшааж, энэ чиглэлээр ажиллахыг ЭСЯ-нд даалгасныг дурдаж, улмаар хилийн чанадад аж төрж буй монгол хүүхдүүдэд эх хэл, өв соёлдоо суралцах, эрхэмлэн дээдлэх боломжийг бүрдүүлэх төр засгийн бодлогыг дэмжиж, орон нутагтаа монгол хэл, соёлын төвийг санаачлан байгуулж байгаад баяр хүргэж, төвийн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэг чухал болохыг тэмдэглэв.

 

Мөн үеэр тус төвийн багш ажилтнууд хичээлийн хөтөлбөрөө танилцуулж, хүүхдүүдийг үндэсний бөх, бүжиг, шатрын сургалтад бүртгүүлэхийг урьсан бол Элчин сайд Д.Гансүх ном, сурах бичиг, үндэсний тоглоом, наадгай гардуулав. Нээлтэд Өргөмжит консул Павел Рейхрт, хэлмэрч, орчуулагч Б.Мянганбаяр, Пардубицэ хотын Гадаадын иргэдийн интеграцчиллын төв болон монгол иргэдийн төлөөлөл оролцлоо гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.


相关新闻