Нээлттэй өдөрлөгөөр 7916 хүнд үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Засаг дарга 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж бүх албан байгууллагыг хамруулсан "Нээлттэй өдөрлөг"-ийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан юм. Тус өдөрлөгийн хүрээнд нийтдээ 7916 хүнд үйлчилсэн гэж мэдээллээ.
Аймгийн төв болон сумдад 94 төрийн байгууллага, 4 төрийн өмчит компани, 10 гаруй аж ахуй нэгжүүд үйлчилгээ үзүүлсэн байна. Төрийн үйлчилгээний "Нээлттэй өдөрлөг"-ийн үеэр 45 төрлийн үйлчилгээгээр 7916 иргэнд үйлчлүүлснээс 4521 иргэн нь тулгамдсан асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлжээ. Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд 1424 тараах материал гарын авлагаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэсэн байна.
Мөн Засаг дарга Н.Наранбаатар ажлаа хүлээн авснаас хойш Ханбогд Оюутолгойн чиглэлд 35км хатуу хучилттай зам тавих ажил эхлүүлсэн, Даланзадгад суманд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дулааны шугам тавьж байгаа зэргээр ажлуудаасаа 15-ыг нь онцолсон юм.
Мөн энэ үеэр аймгийн Цагдаагийн газраас жолооны үнэмлэхээ хураалгаад эргүүлэн эрхээ сэргээх хугацаа нь болсон хүмүүст газар дээр нь жолооны сургалт явуулан, шалгалт авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь сэргээсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна юм. Энэхүү Засаг даргын 100 хоногийн ажлын тайланг тус аймгийн 15 суманд зэрэг хийсэн нь онцлог байлаа.
Д.Мишигсүрэн