"Булган нэг үе" клуб нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-05 21:51:43

Булган аймагт "Булган нэг үе" клуб нээлтээ хийлээ. Үндэсний сагсан бөмбөгийн Булган аймгийн салбар зөвлөлийн залуус тус клубыг үүсгэн бий болгох санаачлагыг гаргажээ.

Үе үеийн Булганчуудын харилцаа холбоог нэгтгэж, тэдний мэдлэг чадвар, нөөц боломжийг нэгтгэж нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго дор энэхүү клуб байгуулагджээ. Тус клубын удирдах зөвлөл одоогоор 19 гишүүнтэй. Клубын тэргүүнээр УИХ-д Булган аймгаас сонгогдсон гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонгогдон ажиллаж байгаа бөгөөд нээлтийнх нь ёслолд ирж оролцлоо. Тэрээр "Нутаг орноо гэсэн залуучуудынхаа санал хүсэлтийг хүндэтгэн энэхүү клубыг ахалж явах саналыг зөвшөөрч ирлээ. Эдгээр залуус мэдлэг боловсролоо, чадах зүйлээ ард иргэддээ, төрсөн нутагтаа  зориулж байгаад баяртай байна, бүх салбарт хамтарч ажиллах итгэл үнэмшил дүүрэн байна" гэдгээ хэллээ.

Клубынхан "Эко сургууль", "Жишиг хороолол", "Хавдаргүй Булган" гэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зэхээд байна. Цаашид хамтран ажиллах, гишүүнээр элсэх иргэд залуус, өндөр настнуудад клубын үүд хаалга үргэлж нээлттэй байгааг тэд онцоллоо.

 П.Батням

相关新闻