ГОВЬ-АЛТАЙ: “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК 3000 мод, бут, сөөг тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК 3000 мод, 800 м.кв талбайг зүлэгжүүлжээ.
Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаан эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК нь байгаль орчныг хамгаалах, ажилтнууд болон олон нийтийн тав тухтай, эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Ингэхдээ байгууллагынхаа гадна талбайд 3000 гаруй мод, бут сөөг тарьж, зүлэгжүүлэлт хийж, арчилгаа тордолгоог тогтмол хийж байгаа юм. Мөн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор өрөө, коридоруудад гоёлын ургамал байршуулсан байна.
Үүний үр дүнд ажилтнуудын бүтээмж дээшилж, ажлын орчин илүү тав тухтай, эрүүл болсон тухай тус компанийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн хэлж байлаа.
Цаашид борооны усыг хуримтлуулж усалгаанд ашиглах, органик бордоо хэрэглэх зэрэг тогтвортой хөгжлийн зарчмуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцолж байв.