СЭЛЭНГЭ: Нарсанд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-22 21:52:02

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн оройн 18:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой, хээрийн хоёр түймэр асаж байна. 

 

Тодруулбал, Алтанбулаг сумын “Цөх” 3-р багийн нутаг дахь “Доргон толгой” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан гэсэн дуудлагыг өнөөдөр өдрийн 11:32 цагт Аймгийн ОБГ хүлээн авсан байна.

 

Мөн Шаамар сумын “Дэлгэрхаан” багийн нутаг дахь "Шаамар 3" гэх газар тужийн нарсанд түймэр гарч байна гэсэн дуудлагыг өдрийн 15:55 цагт хүлээн авчээ.

 

Дээрх ой, хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын болон сум, орон нутгийн мэргэжлийн ангийн алба хаагчид шуурхайлан ажиллаж байна.

 

Оройн 20:20 цагт түймэр унтраах ажилд дэмжлэг үзүүлэхээр Сүхбаатар сумын ЗДТГ, "Өргөн Сэлэнгэ тохижилт үйлчилгээ", "Цагаан эрэг" ОНӨААТҮГазар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс алба хаагчид хөдөллөө.

 

Түймэр унтраах ажилд сайн дураараа оролцох иргэдийг Сүхбаатар сумын ЗДТГ-ын Шуурхай штабт ирж бүртгүүлэхийн сумын ЗДТГ-аас уриаллаа.