Гар утастай орсон долоон хүүхдийн оноог хүчингүй болгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсан билээ.
Тэгвэл шалгалттай холбоотой асуудал амралтын өдрүүдэд цахим орчинд түгсэн бөгөөд үүнтэй холбогдуулж Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр,“Боловсролын
үнэлгээний төв бол Элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг хариуцдаг мэргэжлийн
байгууллага. Шалгалтын
хүрээнд боловсруулсан бүх материалаа
ил тавьсан. Үүнийг та
бүхэн харж болно. Жил бүрийн шалгалтын дараа асуудал үүсдэг. Энэ жил ч багагүй асуудал гарлаа. Энэ жил 41
мянган шалгуулагч Элсэлтийн шалгалт өгсөн. Миний хувьд шүүмжлэл дагуулаад
байгаа шалгалтын асуултуудыг тулгаж харсан. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлтэй
холбоотой, тэтгэврийн талаар боловсруулсан асуулт тухайн хичээлийн сурах
бичгийн 69 дүгээр хуудаст байна. БҮТ бол 2014 оноос хойш тогтвортой үйл
ажиллагаа явуулж байгаа байгууллага. Энэ байгууллагаас гардаж хийсэн ажлынхаа тайлбарыг өгсөн. Элсэлтийн
шалгалтад хэрэглэдэг харандаа, баллууртай холбоотой асуудлыг тодруулсан. Жил
бүрийн стандартын дагуу худалдан авсан юм билээ. Түүнчлэн шаардлага хангаагүй тохиолдолд шинээр
солих нөөцтэй байсан. Гар
утастай орсон гэх долоон тохиолдлыг илрүүлж, шалгуулагчийн оноог
тэглэсэн. Шалгалт дууссанаас хойш дүрмийн
дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа. Мөн шалгалтын материал задраагүй
гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж
байна” хэмээн
ярилаа.