“Дэлхийг амирлуулах боловсролын эрэлд” сэдвээр лекц уншина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛШУА-иас зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекцийн энэ удаагийн зочин эрдэмтнээр МУБИС-ийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал уригдлаа.
Тэрбээр “Дэлхийг амирлуулах боловсролын эрэлд” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц унших юм.
Улс гүрний хөгжлийн хөдөлгөгч хүч болсоор ирсэн боловсролын нөлөө эдүгээ үед улам л нэмэгдсээр буй. Тэрбээр, “Дэлхий дахины стандарт болтлоо түгэн дэлгэрсэн орчин цагийн боловсрол хүний нийгмийг хөгжүүлээд байна уу? хөөсрүүлээд байна уу? гэдгийн түүхэн хөгжлийг нь мөшгин судалж, шүүн тунгааж үзье. Өрсөлдөөнд уриалсан, үзэл сурталд хүлэгдсэн, мэдлэгийн дарангуйлалд өртсөн боловсрол нь эх дэлхийг амар амгалан байлгахад, иргэншил нийгмийг тогтвортой хийгээд тулхтай хөгжихөд хөтөлж чадаж байгаа бил үү. Хэрэв тэгж чадахгүй байгаа бол дэлхийг амирлуулах боловсролыг хөгжил дэвшлийн чөдөр тушаагаар цоллуулж ирсэн нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээ, гүн ухааны далайгаас эрж хайцгаая” хэмээн энэхүү лекцийг уншина.
Тус лекц энэ сарын 11-нд Танан төвийн хурлын танхимд болно.
Ж.Болор