Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны
яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион
байгуулж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн
ээлжит хурал эхэллээ.
APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн
Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU)
бүс нутгийн салбар байгуулага бөгөөд 32
гишүүн оронтой. Чуулга уулзалтад бүс нутгийн шуудангийн байгууллага, салбар
яам, зохицуулагч байгууллагын 50 орны 100 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар
оролцож, шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт,
технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэх,
хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж байна. Энэхүү хурал нь Арабын Нэгдсэн
Эмират Улсад есдүгээр сард болох дэлхийн шуудангийн холбооны чуулга
уулзалтыг угтан хийж буйгаараа онцлог аж.
"Монгол Шуудан" ХК-ийн гүйцэтгэх захирал
Г.Тэлмэн хэлэхдээ, "Есдүгээр сард болох хурлаар ирэх дөрвөн жилд шуудангийн салбар
ямар төлөвлөгөөтэй ажиллахыг тодорхойлно. Энэ удаагийн хурал бол үүнээс өмнө
хийж буй томоохон ажил юм. Ази, Номхойн далайн бүс нутгийн салбар шуудангийн
зах зээлийн 70 хувийг дангаараа эзэлдэг. Шуудангийн салбар шинэ сорилттой
тулгарч байна. Уламжлалт захидал харилцаа холбооны үүргийг гүйцэтгэхээ больсон
орчин цагт шуудангийн байгууллага ямар үүрэгтэй байх, шинэ тутамд гарч ирж байгаа инновацыг хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна. Манай улс дэлхийн шуудангийн холбооноос гаргасан
үнэлгээгээр 192 орноос 66-д орж байна. Энэ нь тийм ч сайн бас муу ч биш. Төр засгаас
шуудангийн салбарт тодорхой анхаардаггүй. Бид шуудангийн салбар яагаад чухал юм
бэ гэдгийг ойлгуулахаар энэ хуралыг хийж байна. Мөн төр засгийн удирдлага,
бодлого тодорхойлогчидтой ч уулзаж байна” гэв.
Австралийн шуудангийн олон улсын харилцааг хариуцсан
захирал Бавана Пател, "Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн хэмжээнд
шуудангийн системээ хэрхэн сайжруулах, байгаль орчинд ээлтэй байдлаар хэрхэн
ажиллах вэ гэдэг сэдвээр голчлон ярьж байна. Манай шуудангийн үйлчилгээнд
үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж маш чухал. Тэр хүнд юу таалагдаж, юу хэрэгтэй байгааг ойлгож, үйлчлэхийг хүсдэг. Бид үйлчилгээндээ явуулсан бүтээгдэхүүн
маань хаана явж буйг харах боломжтой систем нэвтрүүлсэн. Австрали том газар
нутагтай учраас сүүлийн хэдэн жил шуудангийн сервисээ сайжруулах, орчин үетэй хөл нийлүүлэн алхах тал дээр ажиллаж байгаа” хэмээв.
Тус уулзалт долоодугаар сарын 5-ныг дуустал үргэлжлэх бөгөөд шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги, цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил, хүний нөөц, чадавх бэхжүүлэх сэдвээр үргэлжилнэ.