"Хөгжилд оюутан миний оролцоо" чуулган Төрийн ордонд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЖил бүрийн 11 сарын 17-ны өдөр тохиодог "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"-өөр Монголын оюутнууд "Хөгжилд оюутан миний оролцоо" чуулган зохион байгуулах болжээ.
Чуулганы зорилго нь Монголд сурч буй гадаад оюутан, гадаад улсад сурч буй дотоодын оюутан болон гадаад улсад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр зорьж буй оюутнуудад чиглэн мэдлэг мэдээлэл түгээх, \төр-оюутан хоёрын харилцаа холбоог сайжруулах, уулзалт хэлэлцүүлгээс гарч буй санал санаачлагыг төр, олон улсын түвшинд хүргэхэд орших аж. Энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуульд суралцдаг үндэсний болон олон улсын оюутан залуусыг оролцуулах бөгөөд үдээс өмнө Төрийн ордны Их танхимд, үдээс хойш Улаанбаатар Паласын Рояал танхимд болох юм.
Үдээс өмнөх уулзалтад "Улсын хөгжилд - Оюутны хувь нэмэр" илтгэл, "Монгол-Герман хоёр улсын боловсролын тогтолцоо, хоорондын ялгаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" илтгэл тавьж, Оюутанд тулгамдаж буй асуудлаар салбар хэлэлцүүлэг өрнөх аж.
Үдээс хойш хуралдаанд Эрүүл оюутан, Ухаалаг оюутан, Соёлтой оюутан, Мэдлэгтэй оюутан, Чадвартай оюутан сэдэвт хэлэлцүүлэгүүд өрнөж, төгсгөлд нь урлагийн тоглолт зохион байгуулах юм байна.
Н.Туяа