Энэ онд багтаан Эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатайг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭрүүл мэндийн тухай хуулийн 25.2.1-т зааснаар даатгуулагч шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол тухайн жилийн төлбөл зохих шимтгэлийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлөх шинэ хууль батлагдан гарсан талаар албаныхан анхааруулж байна.
Одоогоор уг хуулийн журам батлагдаагүй боловч ирэх оноос мөрдөгдөж эхэлнэ гэж Төв аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас мэдээлсэн юм. Мөн шинээр шинэчлэгдсэн мөрдөгдөж эхэлсэн эрүүл мэндийн тухай хуулиар АНЭ-ийн сэтгэц, хавдар, Чих хамар хоолой, нүд, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл зэрэгт эмч нар хөнгөлөлттэй жорыг бичиж байгаа аж.
Түүнчлэн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид жилийн 46080 төгрөгийг төлөх бол оюутнууд 23040 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд төлөх ёстой бөгөөд он ондоо багтааж төлөх шаардлагатай хэмээн Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн Г.Баярсүрэн тайлбарласан юм.
Иргэн та даатгалаа төлснөөр өмнө авдаг байсан үйлчилгээнүүд дээрээ нэмэлт өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл хорт хавдрын болон, туяаны өдрийн эмчилгээ зэргийг хөнгөлттэй авах боломжтой юм. Мөн жирэмсний үеийн 37 долоо хоногоос өмнөх болон төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн үед даатгалын сангаас хөнгөлттэй тусламж үйлчилгээг авах эрхтэй болно гэдгийг тэрээр онцолсон юм.
Монгол Улсын бүх иргэн Эрүүл мэндийн даатгалын хуулиар эрүүл мэндийн даатгалаа заавал төлөх ёстой бөгөөд энэ нь иргэн танд ч олон талаараа ач холбогдолтой болохоор цаг тухай бүрд нь эрүүл мэндийн даатгалаа төлж байхыг анхааруулав.
Т.Есүхэйтөмөр