ТӨВ: Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Төв аймгийн Автотээврийн салбарын 76 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярын хүрээнд баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдааныг 8 дугаар сарын 11-нд зохион байгууллаа.
Баярт Автотээврийн төвийн хамт олон, ахмад, дунд, залуу үеийн тээвэрчид, жолооч нар, тэдний ар гэрийн төлөөлөл оролцож, төрийн дээд одон медаль, салбарын болон аймгийн шагналаар энгэрээ мялаав.
“Улсын тээх нэвтрүүлэх газар” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн автотээврийн салбарын хамт олон эх орныхоо хөгжлийн нэгэн тулгуур байсаар ирсэн түүхтэй. Түүхэн товчооноос дурдвал, 1949 онд БНМАУ-ын Засгийн газраас 7 полу машиныг Төв аймагт хуваарилснаар Автотээврийн төвийн эх суурийг тавьж, “Авто өргөө” нэртэйгээр байгуулж байв. Мөн “Авто өртөө”-нөөс полу машин Нялга сум буюу Баянжаргалан суманд анх хүрсэн нь 27 сум руу тээвэр, шуудангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах эхлэл болсон байна.
Монгол Улсад их бүтээн байгуулалт өрнөж байх үеийн хөгжлийн томоохон хөдөлгөх хүч нь авто тээврийн салбар байсан бөгөөд 1954 онд Төв аймагт 13 дугаар баазыг байгуулж олон тэргүүний жолооч аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмэр оруулж явжээ.