Сургуулийн орчимд гар утас хязгаарлах тушаалыг 1-р сургууль огт хэрэгжүүлээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-11-09 12:33:51

“Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийг хориглох" талаар тушаалын хэрэгжилтийг Нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийг хамруулан шалгахад хамгийн муу буюу огт хэрэгжүүлээгүй нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль байв.

БСШУС-ын сайдын 2016 оны “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” А/43 дугаар тушаал гарч нийслэлийн нутаг дэвсгэр дэх ЕБС-ийн орчинд хичээллэх цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэхийг хориглосон. Улмаар уг тушаалын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг болон сурагчдын цахим орчинд донтох, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэхийг хянахаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад шалгалт явуулжээ.

Шалгалтад Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, 38 дугаар сургууль, 113 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль, 85 дугаар сургууль, Амгалан цогцолбор, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, 34 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль, 24 дүгээр сургууль, 61 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 106 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор гэсэн 18 сургуулийг хамруулсан байна. 

Үүнээс сайдын тушаалыг маш сайн хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулиуд байжээ. Харин хэрэгжилтийг огт хангаагүй буюу тушаал хэрэгжүүлж ажиллаагүй нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль байсан талаар мэдээллийг БСШУСЯ-наас ирүүлж байна.

Н.Туяа 

 

相关新闻