ЗАВХАН: Б.Нямцэнд: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 11 мянган га талбайд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-23 18:05:15

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 10 сумын нутагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж байна. Завхан аймаг ойн сан бүхий газар нутаг, талбайн хэмжээгээрээ улсад зургаадугаарт ордог.


Монгол Улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, үүнээс Завхан аймгийн ойн сан 732 035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг. 


Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээр Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа ордог. Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилготой чухал ажлын нэг нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил юм.

Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга Б.Нямцэндээс тодруулав.


-Завхан аймагт энэ онд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ямар сумуудад хэчнээн га талбайд хийх вэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Завхан аймгийн ойн санд энэ оны улсын төсвийн хөрөнгөөр 22000 га талбайд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийнэ. Тэмцлийн ажлыг хийх тендерт  “Сайхан ойн төлөө” ХХК шалгарч ажлаа хийж байна. Ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг агаарын хөлгөөр 17000 га талбайд хийх юм. Баянтэс сумын нутагт 4000 га, Баянхайрханд 4000 га, Нөмрөгт 3000 га, Тосонцэнгэлд 3000 га, Их-Уулд 3000 га-д агаарын хөлгөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийх юм. Үүргийн шүршигчээр 500 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийнэ. Цэцэн-Уул сумын нутагт үүргийн шүршигчээр 500 га, Сонгинод 500 га, Түдэвтэйд 500 га, Тэлмэнд 500 га, Идэрт 2000 га талбайд үүргийн шүршигчээр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тус тус хийх юм.


-Ямар сумуудад хэчнээн га талбайд тэмцлийн ажлыг хийв?

-Алдархаан сумд 7 дугаар сарын 1-5-ний хооронд үүргийн шүршигч багажаар 1000 га талбайд 38, 39, 25, 26-р хэсэглэл Чигэстэй багийн нутаг дахь Түүхий ам, Өвөр байшинт, Далан овоо, Даазерын ам, Мухар, Тээл гэх газруудын ойн санд ойн хөнөөлт шавж эгэл бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй микробиологийн аргаар тэмцэх ажлыг хийсэн байна. Энэ ажлыг 3 авто машин, 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хээрийн түр лагерь байгуулан амжилттай хийсэн байна.  


Тосонцэнгэл сумд 7 дугаар сарын 8, 9-нд агаарын хөлгөөр 3000 га талбайд 61, 62, 63, 64, 65, 57, 40, 55, 56, 43-р хэсэглэл, Идэр багийн нутаг дахь Хайрханы ар, Арбулаг, Урд мэргэн, Хойд мэргэн, Цагаан ус, Жаргалын өвөлжөө, Гангын ар, гэх газруудын ойн санд ойн хөнөөлт шавж эгэл бийрэн сүүлт эрвээхэйн хүрэнцэртэй авиамикрбиологийн аргаар тэмцэх ажлыг хийсэн байна.


Их-Уул сумд 7 дугаар сарын 9, 10-нд агаарын хөлгөөр 3000 га талбайд 49, 50, 62, 63, 73, 74-р хэсэглэл, Үржил багийн нутаг дахь Өгөөмөр, Галбын дөрөлж, Бургаст, Улаан гозгор уул, Янзагат, Дэлгэрхангай уул, Санзай уул, Цагаан уул, Хар суваг, Шүр  гэх газруудын ойн санд ойн хөнөөлт шавж эгэл бийрэн сүүлт  эрвээхэйн хүрэнцэртэй авиамикрбиологийн аргаар ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийж дууссан байна.


Идэр сумын нутагт 7-р сарын 6-16-ний өдөр хүртэл үүргийн шүршигчээр 2000 га талбайд 39, 40, 67, 66, 3, 4, 5 -р хэсэглэл, Дархан-уул багийн Солооны ам, Авдрант, Цагаан толгой, Улаан үзүүр, Ар хаяаны мод, Өвөр номтын даваа, Нарийн хар чулуут, Мануустай багийн Бөхөн шарын даваанаас доош Өвөр цагаан чулуутын Хүнх модны зураа гэх газруудын ойн санд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийсэн байна.  


Тэлмэн сумд 7 дугаар сарын 16-ний өдрөөс 19-ний өдөр хүртэл үүргийн шүршигчээр 500 га талбайд 45, 40, 41, 42 -р хэсэглэлийн ойн сангийн Хөх чулууны үзүүр, Тойног зураа, Бэрх уул, Улаан давааны ар, Хойд, Урд харгант, Шивээт, Агуйт, Улаан чулуут гэх газруудын ойн санд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийсэн.


7 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ний өдөр хүртэл Түдэвтэй сумд үүргийн шүршигчээр 500 га талбайд Элст ам, Нүхт хад гэдэг газар, Сонгино сумд 500 га талбайд Өвгөн уул, Урт, Богино хонгил гэдэг газар, Цэцэн-Уул сумд 500 га талбайд Шотой хайрхан уулын ойн санд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг тус тус хийж байна.


-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хяналт үнэлгээг хэрхэн хийж байна вэ?

-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг гүйцэтгэхэд Тосонцэнгэл, Түдэвтэй сумын сум дундын ойн анги, сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хамтран ажиллаж, хяналт тавьж байна. Дээрх 8 сумын ойн сан бүхий газар нутагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг “Сайхан ойн төлөө” ХХК хийсэн.


Ингэхдээ сонгомол үйлчилгээт бактерийн бэлдмэл ашиглан авиамикрбиологийн аргаар MNS 6532:2015, MNS 6535:2015 стандартуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.Үргэлжлүүлээд Баянтэс сумын 4000 га, Баянхайрхан сумын 4000 га, Нөмрөг сумын 3000 га ойн сан бүхий талбайд агаарын хөлгөөр тэмцлийн ажлыг хийх юм.


-Өнгөрсөн жил Завхан аймгийн хэчнээн сумын нутагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийсэн юм бэ?

-Завхан аймгийн ойн сан бүхий Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн сумдын 25000 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр Мөнх ногоон жодоо ХХК тэмцлийн ажлыг хийсэн. Их-Уул, Тосонцэнгэл сумын ойн сангийн 300 орчим га талбайд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Мөнх ногоон ой ХХК ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг микробиологийн аргаар хийж гүйцэтгэсэн.


Мөн 2024 онд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачлага ТББ гүйцэтгэж, 150000 га талбайд судалгаа хийхэд 71181 га талбайд ойн хөнөөлт шавж голомт үүсгэн хөнөөл учруулж байгаа нь тогтоогдсон юм. Энэ судалгааны дүнд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэмцлийн ажлыг хийж байна.


-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг жил бүр хийдэг үү?

-Ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг тодорхой судалгааны дүнд биологийн аргаар зөв цаг хугацаанд нь явуулах нь үр дүнтэй байдаг. Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах, зонхилон тархсан хөнөөлт зарим зүйлийн шавжийн тоо толгой нягтшлыг бууруулах зорилготой тэмцлийн ажлыг хийдэг. Судалгаагаар ойн сангийн хаана ямар газруудад нь шавж хөнөөлтэй байна вэ гэдгийг нь тогтоогоод тодорхой хэмжээний тэмцлийг хийж байна.


Тухайлбал Тарвагатайн нурууны бүс нутгийн тайгын шинэсэн ойд ерөнхийдөө сэрүүн уур амьсгалтай учраас навч шилмүүсний хөнөөлт шавжийн тархалт, олшрол бусад аймагтай харьцуулахад харьцангуй бага хэдий ч 2008-2011 онд Завхан аймгийн шинэсэн ой бүхий хэд хэдэн суманд эгэл бийрэн сүүлт эрвээхэйн тархалт ихэсч байсан.


Тосонцэнгэл, Их-Уул суманд 2011 онд 58097 га-д судалгаа явуулсан. Энэ судалгаагаар Тосонцэнгэл сумын Хуурайн дөрөлж, Шивэртий, Гунзан Хэцийн мухар, Өвөлжөө бургаст, Түргэн, Мэргэн зэрэг газарт эгэл бийрэн сүүлт эрвээхэйн голомттой байсан нь тогтоогдож байсан.


Тэгвэл сүүлийн хоёр жилд Их-Уул сумын ойн санд якобсоны төөлүүрийн тархалт их байна. Якобсоны төөлүүр эрвээхэйн олшролын эхлэлийн үед тархалтын талбай бага, хөгжлийн үе шатны амьдралт 60-70 хувь түүнээс дээш байх үед тэмцлийн ажлыг хийж байна. Энэ сарын 1-ээс эхэлсэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийсэн 8 сумын ойн санд эгэл бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэйн хүрэнцрийн голомт их байна.

Ойн санг устаж үгүй болоход нөлөөлж буй хүчин зүйл нь хүр хорхой буюу бидний нэрлэж заншсанаар цагаан эрвээхэй. Ойн хөнөөлт шавжид идэгдсэн мод цайрч, хувхайрч, хатаж байгаль экологи, экосистемд үзүүлэх  ач тус алдагддаг. Хэдхэн жилийн дотор хүр хорхойд идүүлсэн ой сүйрэх аюултай байдаг. Тиймээс ой модыг хөнөөлт шавжаас хамгаалах нь чухал юм.


Өнгөрсөн жил хийгдсэн судалгаагаар баруун бүс нутагт ойд хөнөөл учруулж байгаа якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч, сибирийн хүр эрвээхэй гэсэн дөрвөн төрөл зүйлийн шавж дан болон холимог хөнөөлийн голомт үүсгэн ойд хөнөөл учруулж байна. 

Завхан аймгийн ойн санд хөнөөл учруулж буй хүр эрвээхэйн дийлэнх нь шилмүүсээр хооллодог.  Гэхдээ навчаар хооллох нь ч бий. Ер нь л дайралдсанаа идэж устгадаг гэж хэлж болох юм. Хүр эрвээхэйн хор хөнөөлтэй шинж чанар нь уг шавжийн үржил, хөгжлийн онцлогтой холбоотой.


Учир нь Сибирийн хүр эрвээхэй авгалдай, хүрэнцэр зэрэг үе шатыг дамжин өсөж бойжихдоо гурван жилийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл гурван жил тутамд хүр эрвээхэйн тоо толгой олширч дэгдэлт бий болдог. Энэ хугацаанд тухайн бодгаль амьдарч буй  модныхоо шилмүүсээр хооллоно. Хүр эрвээхэйн хүрэнцэрт идэгдсэн мод гурван жилийн турш энэхүү дайралтад өртдөг тухай ойн мэргэжилтнүүд ярьж байна.

Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг тодорхой судалгааны дүнд биологийн аргаар зөв цаг хугацаанд нь явуулах нь үр дүнтэй байдаг. Тэмцлийн ажил хийснээс хойш шавжийн зүйлээс хамааран 15-21 хоногийн дараа ой модод сэргэн ургадаг.

-Танд баярлалаа. 


Ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил Сонгино сум


Хүр эрвээхэйн хүрэнцэр


Нөмрөг сумын 3000 га ойн сан бүхий талбайд агаарын хөлгөөр тэмцлийн ажлыг хийнэ

相关新闻