Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2016-11-09 17:19:45

Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээнийг энэ сарын 12,13-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 53 дугаар зарлиг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн 114 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн 2015 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ. 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 12-ны өдрийн 13.00 цагаас болох бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын зэрэг хүмүүс оролцох юм байна.

Тэмцээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ болон 13 яам,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн төрийн байгууллагуудын баг оролцох аж.

Н.Туяа

 

相关新闻