Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууц барихад хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууц барих, Гэр хорооллын дахин төлөвлөлт болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх чиглэлээр НЗДТГ, Барилгын үндэсний ассоциаци (БҮА) хамтран ажиллах болж, өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Барилгын салбар нийслэлийн эдийн засгийн хөгжлийн томоохон тулгуур юм. Тиймээс Хотын дарга С.Батболд өнгөрсөн сард БҮА-ийн удирдлага болон гишүүдтэй уулзаж, нийслэлийн барилга, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууц барих чиглэлээр санал солилцсон байна. Уулзалтаар НЗДТГ барилгын салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бодлогын хувьд дэмжиж ажиллахаар тохирсон хэмээн НЗД С.Батболд гарын үсэг зурах үеэр онцлов.
Тэрбээр, “Зах зээлд борлуулагдаагүй орон сууц олон байгаа ч өндөр үнэтэй тул иргэд худалдаж авч чадахгүй байна. Нөгөө талаас Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа компаниудад газраа чөлөөлсөн айлуудыг хаана байлгах вэ гэдэг асуудал тулгардаг. Тиймээс дамжин өнгөрөх түр түрээсийн сууц бий болгох ажлыг зохион байгуулна. Ингэхдээ борлуулагдаагүй байгаа байруудыг дамжин өнгөрөх сууцаар ашиглах, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны фонд болгох чиглэлээр хамтран ажиллах болно. Барилгын компаниудын зүгээс төр хувийн хэвшилтэй уралдаж барилга барьдагаа болих хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. Тиймээс нийслэл өөрөө орон сууц барихаа зогсоох болно. Харин аж ахуйн нэгжүүд иргэдийн орлогод нийцсэн хямд үнэтэй орон сууц барих ёстой” хэмээв.
БҮА-ын гишүүн 120 аж ахуйн нэгж нийслэлд бүтээн байгуулалт хийдэг байна. Эдгээр компанийн барьсан 30 мянга гаруй айлын орон сууц борлуулагдаагүй байгаа юм. Тиймээс НЗДТГ, БҮА болон бусад холбогдох албаны байгууллагууд хамтран 2017 оны нэгдүгээр сард иргэд газраа орон сууцаар солих замаар, баригдсан байгаа байруудыг борлуулах боломж, гарцыг тодорхойлох зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ