Палестиныг хүлээн зөвшөөрөх “давлагаа” үүссэний үндсэн шалтгаан
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Палестин улсыг хүлээн зөвшөөрөх тухай асуудал дахин хөндөгдөх болж, Франц, Их Британи, Австрали, Канад, Мальта улсууд ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдлээ. Мөн Финланд, Португал улсууд уг асуудлыг нухацтай судалж байна.
Ингэснээр НҮБ-ын Аюулгүйн
Зөвлөлийн байнгын гишүүн 5 улсаас дөрөв нь буюу ОХУ, БНХАУ /1988 онд/ Их Британи, Франц улсууд Палестиныг “улс” хэмээн хүлээн зөвшөөрлөө. Харин Израилын гол холбоотон болох
АНУ ганцаараа Палестиныг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.
Хэдийгээр 1990-ээд оны дундуур
Махмуд Аббасын тэргүүлсэн Палестины засаг захиргааг Вашингтон хүлээн зөвшөөрсөн
боловч Палестиныг тусгаар улс гэж
үзэхгүй хэвээр байна. Гэхдээ Америкийн зарим төрийн тэргүүн “Палестин тусгаар улс байх нь зүйтэй” гэсэн санааг илэрхийлж
байсан бол Д.Трамп хоёр удаа сонгогдохдоо Израилыг дэмжсэн бодлого явуулж,
уг санааг огт дэмжихгүй байгаа юм.
Харин олон улс орнууд, тэр дундаа
Барууны орнууд чухам яагаад энэ үед “бөөн бөөнөөрөө” гэнэт Палестиныг хүлээн
зөвшөөрөх болов гэдэг нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Тэр тусмаа палестинчууд олноороо
амьдардаг Газын зурвас руу Израилын арми ширүүн довтолсоор буй энэ үед “хүлээн зөвшөөрөх” асуудал
хүчтэй хөндөгдөх болсон нь санамсаргүй хэрэг биш ээ.
Палестин бол нэг талаас “оршин тогтнож байгаа”, нөгөө талаас нь харвал “оршин тогтнодоггүй”
улс юм.
Одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 улсын 147 нь Палестиныг “тусгаар улс” хэмээн хүлээн зөвшөөрөөд
байна. “Байнгын ажиглагч улс”
гэсэн статус бүхий Палестиныг
НҮБ-ын үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөг боловч аливаа шийдвэрийг гаргах
санал хураалтад оролцуулдаггүй.
Палестины төлөөлөгчийн газрууд дэлхийн
олон оронд ажилладаг ба баг тамирчид нь олон улсын тэмцээнүүд, Олимпын наадамд байнга оролцдог.
Палестинчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь НҮБ-аас 1947 онд баталсан Британийн Палестиныг хуваах тухай 181 дугаар тогтоолд заасан “хоёр улс” гэх шийдлээс улбаатай. Улмаар НҮБ 1974 онд Палестины ард түмний өөрийнхөө хувь заяаг шийдэх, тусгаар тогтнох эрхийг нь баталгаажуулсан бол 1988 онд Палестин өөрийгөө тусгаар улс хэмээн тунхаглажээ. Палестин, Израилын мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц арга зам бол хоёр улсын тухай НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явдал гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөх болжээ.
Гэвч сөргөлдөөн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаагийн улмаас Палестин нь олон улсад зөвшөөрөгдсөн хил хязгааргүй, нийслэл хотгүй, армигүй бүтэц хэвээр байна. 1990-ээд онд Ослогийн гэрээг байгуулсны дараа бий болсон Палестины засаг захиргаа нутаг дэвсгэрээ бүрэн хянаж чадахгүй байгаагаас гадна Газын зурваст дайн ид өрнөж байна.
Ийнхүү квази улс гэгдэх болсон Палестиныг хүлээн зөвшөөрөх
нь улс төр, ёс суртахууны хувьд чухал боловч бэлгэдлийн шинжтэй, бодит байдлыг
өөрчлөх магадлал маш бага юм.
Чухамдаа яг одоо Газын зурваст болж буй үйл явдал нь Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх үйл явцыг идэвхжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Израилын армийн Газад явуулж буй байлдааны ажиллагааны улмаас тус хот бүрэн эвдрэн сүйдэж, зарим мэдээллээр 60 мянга гаруй хүн амь үрэгдэж, 145 мянга гаруй хүн шархадсаны дотор маш олон хүүхэд байна. Газын зурваст нэвтрүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг Израилын тал үе үе хязгаарлаж байгаагийн улмаас өлсгөлөн, хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэжээ. Байлдааны ажиллагаа үргэлжилсээр, маш хязгаарлагдмал орон зайд 2 сая гаруй палестинчууд наад захын хэрэгцээт зүйлсээр гачигдан бөмбөгдөлтөн дунд амь зогоож байна.
2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС-ын үйлдсэн халдлагын дараа тус бүлэглэлийн эсрэг, палестинчуудын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авах ёс суртахууны эрх бидэнд бий гэсэн ойлголт Израилын нийгэмд газар авч, Палестиныг тусгаар улс болгохыг эрс эсэргүүцэх болжээ. Газын зурваст байгаа ХАМАС-т хүчтэй цохилт өгч, Ливан дахь “Хезболла” бүлэглэл аюул учруулж чадахгүй болсноос гадна Сири дэх Б.Асадын дэглэм нуран унаснаар цэрэг стратегийн нэн ашигтай нөхцөл байдал Израилын хувьд үүсэж, “хойд фронт” үгүй болоод байна. Гэсэн хэдий ч долоодугаар сарын 23-нд Израилын парламент болох Кнессет Иордан голын Баруун эргийг хавсарган нэгтгэхийг шаардсан тогтоолыг баталлаа. Мөн энэ сарын 7-нд Б.Нетаньхугийн тэргүүлдэг Израилын Онц байдлын засгийн газар Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлав. Түүнээс гадна, Д.Трамп сонгогдсон даруйдаа “палестинчуудыг Газын зурвасаас гаргаж, лалын шашинт улсуудад тархаан суурьшуулах” саналыг дэвшүүлсэн нь израилчуудын сэдлийг улам өдөөсөн бололтой. Үүнээс харвал, зүүний либерал үнэт зүйлсэд тулгуурласан дэлхийн олон нийтийн санаа бодлыг үл хайхран асуудлыг өөрт ашигтай байдлаар шийдэх гэсэн хандлага Израилд давамгайлж байна.
Ийм хандлага ба Израилын хэт хэрцгий үйлдэл нь дэлхий дахины дургүйцлийг төрүүлэх болов. Лалын шашинт орнууд төдийгүй Европын улсууд, АНУ, Канад, Австралид эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөөр байна. Эдгээр улсын хүн амд мусульман шашинтнууд багагүй хувийг эзэлдэг бол Израилын бодлогыг буруушаадаг Европын зүүний либерал үзэлт иргэд, тэдний байр суурийг хуваалцдаг консерватив үзэлтнүүдийн тоо ч нэмэгдэв.
Зураг дээр: Палестиныг хүлээн зөвшөөрсөн байдал
Ер нь бол, ёс суртахуунтай
холбоотой нэгэн асуулт эндээс урган гарч байна. Террористуудын хийсэн үйлдэл
хэчнээн харгис хэрцгий байсан ч
гэлээ энэ нь ямар ч
хязгаарлалтгүйгээр өш хонзон авч, бусдыг
гэсгээн цээрлүүлэх шалтаг шалтгаан мөн үү, үүнийг далимдуулан олон жил ужгирсан
газар нутгийн маргааныг өөрт ашигтайгаар шийдэх нь зөв үү?
Европ тивийнхний багагүй
хэсэг нь үүнийг буруу гэж үзэж байгаа бөгөөд аливаа зүйл хэмжээ хязгаартай байх
ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг.
Барууны удирдагчид иргэдийнхээ дуу хоолойг сонсож, нийгмийн санаа бодлыг гадаад
бодлогодоо тусгахаас аргагүйд хүрсэн учраас Палестиныг хүлээн зөвшөөрөх
“давлагаа” үүссэн. Тэд үүссэн нөхцөл байдлыг илүү
бодитойгоор үнэлэн дүгнэж буйг "хүлээн зөвшөөрөх үйл явц" харууллаа.
Жич: Манай улс НҮБ-д ажиглагчийн статус бүхий Палестин, Гэгээн Ширээт Улс, Европын Холбоотой тус тус дипломат харилцаа тогтоосон бөгөөд Палестиныг 1988 онд тусгаар улс хэмээн хүлээн
зөвшөөрчээ.