Оросын царцаагдсан хөрөнгөнөөс 10 тэрбумыг Киевт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-23 18:41:32

БРЮССЕЛЬ, 2025 оны наймдугаар сарын 23 /DW/. Он гарснаас хойших эхний зургаан сарын хугацаанд Европын Холбооны эрх баригчид Оросын Төв банкны царцаагдсан хөрөнгөний орлогоос 10,1 тэрбум еврог Украинд шилжүүлэн өгсөн байна. Энэ тухай Европын Комиссын мэдээллээс эш татан Welt am Sonntag сонинд мэдээлжээ.


Тодруулбал, гурав, тав, зургаа болон долоодугаар саруудад В.Зеленскийн засгийн газар тус бүр нэг тэрбум евро, нэгдүгээр сард 3 тэрбум, дөрөвдүгээр сард 3,1 тэрбум еврог хүлээн авсан байна.Уг мөнгийг Украины иргэний болон батлан хамгаалахын төслүүдэд зарцуулах ажээ. Тодорхой хэлбэл, гурав, тав, зургаа болон долоодугаар саруудад В.Зеленскийн засгийн газар тус бүр нэг тэрбум евро, нэгдүгээр сард 3 тэрбум, дөрөвдүгээр сард 3,1 тэрбум еврог хүлээн авсан байна.


Оросын цэрэг 2022 онд Украинд халдан довтолсны дараа Европын Холбоо Оросын 210 тэрбум еврогийн актив хөрөнгийг царцаажээ. Энэ хөрөнгийн менежментийг Европ дахь хамгийн том хадгаламжийн төв болох Euroclear хийдэг бөгөөд тус компани 40 гаруй их наяд еврогийн активыг удирдаж, санхүүгийн зах зээлд чухал үүрэгтэй оролцдог байна.  


Оросын эрх баригчид царцаагдсан хөрөнгө болон түүний хүүгийн орлогыг аль нэгэн улс ашиглахыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Euroclear-ийн эсрэг 100 гаруй нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа ажээ. Мөн Оросын тал Москва дахь хадгаламжийн төвд буй Euroclear-ийн үйлчлүүлэгчдийн 33 тэрбум еврог битүүмжлээд байна.


Үүний сацуу Европын зарим улстөрчид, тэдний дотор Германы улстөрчид зөвхөн хүүгийн орлогыг бус харин Оросын бүх актив хөрөнгийг Киевт шилжүүлэн өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа ажээ.  


Харин зарим эдийн засагчид “Оросын төрийн активуудыг битүүмжлэх нь дэлхийн санхүүгийн тогтолцоонд ноцтой үр дагаврыг авчирна” хэмээн болгоомжилж байна. Брюсселийн Bruegel төв, Вашингтоны Петерсоны дэлхийн эдийн засгийн хүрээлэнд ажилладаг Францын эдийн засагч Никол Верон ярихдаа “царцаагдсан хөрөнгийг Украинд шилжүүлэн өгөх нь ёс суртахууны үүднээс зөв гэж олон хүн үзэж байх шиг байна, гэхдээ энэ бол тийм ч энгийн хялбар зүйл биш ээ. Хилийн чанад дахь хөрөнгө нь найдвартай аюулгүй газарт хадгалагдаж байгаа гэдэгт Төв банкууд итгэлтэй байх хэрэгтэй шүү дээ” гэлээ.   

 

相关新闻