Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тяньжин хотод хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-31 17:15:51

ТЯНЬЖИН, 2025 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНХАУ-ын хойд нутгийн Тяньжин хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.


Монгол Улсын төрийн тэргүүнийг Тяньжин хотын “Биньхай” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар, мөн сайдын түвшний албан тушаалтнууд, Тяньжин хотын удирдлага угтан авав. Нисэх онгоцны буудалд Монгол Улс, БНХАУ-ын төрийн далбааг мандуулж, нисэх онгоцны шатнаас улаан хивс дэвсэж, Хятад улсын зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, үндэсний хувцсаа өмссөн хүүхдүүд баяр хүргэн мэндчиллээ.


Тус байгууллагын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй болж буй энэ удаагийн уулзалтад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн нар, олон улсын 20 гаруй байгууллагын удирдагчид оролцож байна. Монгол Улс 2004 онд ШХАБ-ын ажиглагч гишүүн улс болсноос хойш тус байгууллагын бүх түвшний уулзалтуудад оролцсоор ирсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсоныхоо дараа БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд Хятадын ард түмэн ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын VII уулзалт болно.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Жанчхүүгийн давааны тулалдаанд амь эрсэдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын нэрийг мөнхжүүлсэн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.  







相关新闻