Академич Г.Аюушжавын 100 насны ойг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол Улсад геофизикийн судалгааг үндэслэгч, академич Г.Аюушжавын 100 насны ойд зориулсан залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 9-нд Одон орон, геофизикийн хүрээлэн /ООГХ/-д боллоо.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж хэлсэн үгэндээ, “Академич Г.Аюушжав ШУА анх байгуулагдаж байсан 1961 оны үеэс эхлэн эх орондоо суурь шинжлэх ухааны үндэс суурийг тавилцах их үйлсэд гар бие оролцож, монголд дэлхийн соронзон орон судлалын ажлыг анх эхлүүлсэн хүн билээ. Энэ их хүний Монгол эх орондоо үүсгэн санаачилсан суурь судалгааны чиглэлүүд, тэр дотроо соронзон орон судлалын эрдэм шинжилгээний ажил нь өргөжин хөгжиж, номын цагаан буян өөдлөн дэлгэрэхийг ерөөе” гэв.
Энэ үеэр академич Г.Аюушжав агсны ажил амьдралын их түүхийг үзүүлсэн баримтат киноны нээлт болсон юм.
Тэрбээр өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр судалгааны ажлын дүнд монгол нутгийн соронзон орны орон зай, цаг хугацааны хамаарлын зүй тогтоолыг илрүүлсэн юм. Ази тив, Дорнод Европыг хамарсан соронзны удаан хувьслын хүчтэй төв Монгол нутагт оршиж байгааг нотолсон, соронзон ба гравиметрийн хэмжилт агаараас хийхэд хэрэглэгдэх хуулийг нээж тогтоох ажлыг зөвлөлтийн эрдэмтэнтэй хамтран гүйцэтгэсэн байна.
Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт шилжүүлж нэвтрүүлэхэд их анхаарал тавьдгийн үр дүнд 1964 оноос хойш 5 жил тутамд нисэх онгоцны 20 гаруй буудлын Соронзон хазайлтын өнцгийн утгыг Иргэний агаарын тээврийг удирдах газарт, манай орны нутгийн гаж соронзон орны зураг, бусад холбогдох материал, том масштабын соронзон зургуудыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны холбогдох байгууллагуудад шилжүүлэн нэвтрүүлж байгаа нь зохих үр дүнгээ өгсөөр байна.
Ж.Болор