БУЛГАН: 15 сургууль энэ хичээлийн жилээ хүний эрхийн сургалтаар эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-04 09:10:49

Булган, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Манай ангид-Хүний эрхийн түгээмэл тунхаглал” уриалгад Булган аймгийн бүрэн дунд боловсролын 15 сургуулийн 1572 сурагч нэгдэж, 2025-2026 оны хичээлийн жилийн эхний өдөр "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" сэдвийн хүрээнд хүний эрх, хүний эрхийн түгээмэл тунхаглалын ач холбогдлыг тайлбарлан таниулсан сургалт орсон байна.

 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сурагчдад 2025-2026 оны хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад уриалсан юм.


НҮБ-аас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан билээ.


Ангидаа хүний эрхийн хичээл заалгаснаар суралцагч бүр эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг иргэн болж төлөвших улмаар хүн бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэсэн хүний эрхэд суурилсан хандлагатай болоход нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.


ХЭҮК-оос тус аяныг 3 дахь жилдээ орон даяар уриалж буй бөгөөд хүний эрхийн боловсролын ач холбогдлыг ойлгож, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх үйлсэд нэгдэж, дэмжиж буй бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.


Хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд манлайлал гарган хамтран ажиллаж буй сургуулиудад Булган аймгийн Боловсролын газраас баяр хүргэж талархал илэрхийллээ.







 

相关新闻