Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьж, харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-04 18:41:51
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр утсаар ярив.


БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэнд Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.


Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа  тэмдэглэж,  харилцан итгэлцэл, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал гэдэгт санал нэгдлээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНСУ-д төрийн айлчлал хийх урилгатайг Ерөнхийлөгч И Жэ Мён нотоллоо.


Өдгөө хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу урагшлуулах, Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үр дүнтэй үргэлжлүүлэх, ховор металл, мэдээллийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.


Төрийн тэргүүн нар харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжихөд ард түмний найрамдал, нөхөрлөл гол тулгуур үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж,  иргэдийн солилцоог дэмжихээ илэрхийллээ.


Энэ хүрээнд хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.


БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэлээ.


БНСУ-д амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд тус улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмэр оруулж буйд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийллээ.


Талууд олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, цаашид энэ хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

相关新闻