БУЛГАН: "Алаг морьт баатар" хэмээх нэрийг япончууд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-08 09:01:44

Булган, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гарамгай баатар цолыг анх хүртсэн Лодонгийн Дандарт "Алаг морьт баатар" хэмээх нэрийг япончууд өгчээ.

 

Дандар баатар 1915 онд Булган аймгийн Бүрэг хангай суманд төрсөн. Эх Аюуш нь амьдралын эрхээр Дандарыг гэлэн Лувсангийнд өргүүлжээ. Гэтэл Лувсан санваартан хүн байсан тул өөрийнхөө эцэг Лодонгоор овоглуулж дүү Дулмаагаараа өсгүүлсэн ажээ.

 

Дандар багын л хөдөлгөөнтэй, их зоригтой, хурц ухаантай, эрэмгий, сахилгагүй, буунд дуртай хүүхэд байсан. Нутаг усныхан, үе тэнгийнхэн нь Дандарыг "Хоовон хөх" гэж хочилдог байжээ.


Бүрэг хангайд Хайнзангийн Гомбо гуай "Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулаад нутагтаа ирснийг Дандар хараад Би энэ хүн шиг их олон одонтой болно" гэж ярьдаг байсан гэдэг.


1933 онд нутгийн залуучуудынхаа хамт Вандангийн Санжаа гэгч хүнээр сан тавиулж Шивэртийн голоос цэрэгт мордож харуулын суманд очсон. Дандар Дашинчилэнгийн өртөөн дээр ирээд Өртөөний адуучнаас "зоо нуруундаа эмээл тавиулж үзээгүй морь байвал заагаад аль" гэж шаардаж байгаад нэгэн гялалзсан хээр морийг заалган авч арайхийн барьж аваад "Салтаан доогуур нь нар харагдтал нь булгиулнаа" гэж хэлж мордоод дээшээ од, доошоо газрын үндэс тоолон булгихад нь унаагүй гэдэг. Дандар адуунд ийм эрэмгий залуу байжээ.


Дараа нь Оросын Тамбов хотноо морин цэргийн дунд сургуульд суралцаж цэргийн эрдэм ухааныг сурч, эх орныхоо төлөө хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарласан байна.


Сургуулиа төгсөж ирээд цэргийн дугаар хороонд штабын туслах алба хашиж байх үед нь Халх гол орчмоор маш хүнд хэцүү үе байсан гэдэг. Энэ үед Дандарыг маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагбулагийн 6-р морьт дивизийн 16-р хорооны даргаар томилсноос эхлээд Халх голын байлдааны фронт дээр тулалдаж эхэлсэн. Түүний удирдсан 16-р морьт хороо Халх голын салаа Хайлаастын голыг гатлан нэргүй өндөрлөгийг Японы цэргүүдээс түрүүлж эзлэх тушаал авч тэргүүн эгнээнд эрэлхэгээр тулалдаж дайсны давуу хүчийг устгаж ялалт байгуулсан. Японы цэргүүд Дандарын хорооны суман мөндөрт хиарч үлдсэн хэсэг нь буцаж зугтахад Дандар алаг мориндоо мордон "Миний хойноос хэмээн сэлэмээ гялалзуулан" довтолгоонд орж дайсны довтолгоог бут цохин ялалт байгуулж "баатар" хороо гэж алдаршсан. Энэ үеэс "Алаг морьт баатар гэж япончуудын дунд алдаршиж тэдний зүрхэнд шар ус хуруулсан ажээ.


Дандар болон түүний хороо амь өрссөн олон тулаанд орж амьд хэл олзолж байсан. Цэрэг дайны түүхэнд Баян цагааны тулалдаан гэж алдаршсан Халх голын шийдвэрлэх тулаанд Дандарын дивиз хороо гарамгай байлдсан байна. Энэ тулалдааны үед маршал Жуков Дандарыг дуудаж л дээ. Дуудсан ёсоор очиход нь маршал Жуков, "За өчигдөр хэр зэрэг цавчиллав" гэж асуухад нь Дандар, "Нөхөр командлагчаа манайхан нийтдээ 800 гаруй дайсныг устган 26 япон олзлов" гэж илтгэсэн.


Энэ тулалдаанд 6-р дивизийн дарга амь үрэгдсэн тул ГК Жуков түүнийг даргаар томилсныг мэдэгдэж амжилт хүссэн байдаг. 24 настай идэр залуухан баатрын командалсан дивизийхэн олон удаа тулалдаж баатарлаг гавьяа байгуулсан тул БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 9-р сарын 21-ний 60-р тогтоолоор 6-р морьт дивизийг Их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож дивизийн захирагч хурандаа Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, байлдааны гавьяаны улаан тугийн одоноор шагнаж байжээ.


Тэрээр хилс хэргээр шийтгэгдэж гарч ирээд жолоочоор ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд их хувь нэмэр оруулж байснаас гадна идэр залуу насандаа шаггүй барилддаг аймгийн цолтой байсан гэдэг. Тэтгэвэрт гартлаа Ардын армид ангийн захирагч зэрэг алба хашиж байснаас гадна тэтгэвэрт гарснаасаа хойш төрсөн нутагтаа ирж үе тэнгийнхэнтэйгээ уулзаж бага насаа, тоглож наадаж явсан залуу үеэ анд нөхдийнхөө тухай их ярьдаг байсан. Нутаг усандаа их л хайртай хүн байсныг одоо ч ам дамжуулан ярьдаг ажээ.


 Түүний алдар гавьяаг мөнхжүүлсэн "Хүлэг морьтойгоо дүүлж, салхи татуулан сэлмээ далайн яваа сүрлэг сайхан хөшөө Бүрэгхангай сумын төвд сүндэрлэж байдаг.




相关新闻