Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-09 12:03:50

КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын Засгийн газрын сайд мягмар гарагт мэдэгджээ. Нийт 19 хүний ​​аминд хүрсэн эсэргүүцлийн жагсаал өрнөсний дараа ийм шийдвэрийг гаргасан байна. 


Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Притви Субба Гурунгийн хэлснээр, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд тавьсан хоригоо цуцалжээ. Орон даяар газар авсан авлига, хээл хахуулийг эсэргүүцэн даваа гарагт өрнөсөн Z үеийнхний жагсаалын үеэр 19 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Нийгмийн сүлжээний хориг нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөжээ.


Бид нийгмийн сүлжээг хаах шийдвэрээ цуцалсан. ​​Нийгмийн сүлжээний платформууд одоо хэвийн ажиллаж байна” гэж П.Гурунг Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Ерөнхий сайд К.П.Шарма Оли хэлэхдээ, хүч хэрэглэсэн явдал гарсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Засгийн газар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлж, шархадсан хүмүүсийг үнэ төлбөргүй эмчилнэ гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байнаШ.Олигийн даваа гаргийн орой хийсэн мэдэгдэлд “шалтгааныг олж тогтоох, хохирлыг үнэлэх, ийм явдал дахин гаргахгүйн тулд 15 хоногийн дотор авах арга хэмжээг боловсруулах зорилгоор мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулна” гэдгийг дурджээ.


Балбын олон хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг “Z үеийнхний жагсаал” гэж нэрлэжээ. Уг жагсаал нь авлигатай тэмцэх, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх талаар засгийн газраас ямар ч арга хэмжээ авахгүй байна хэмээн үзэж буй залуучуудын бухимдлыг илтгэн харуулсан байна. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Facebook зэрэг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасан нь залуучуудын уур бухимдлыг төрүүлжээ. Хуурамч үнэмлэх, ташаа мэдээлэл, үзэн ядсан үг хэллэгтэй тэмцэхийн тулд засгийн газарт бүртгүүлээгүй нийгмийн сүлжээнүүдийг хаасан гэж албаны хүмүүс мэдэгдэж байв.

 


相关新闻