Канад Улсын Оттава хот дахь монгол сургуулийн хичээлийн жил эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-09 14:47:15

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Канад Улсын нийслэл Оттава хот дахь монгол сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлт энэ сарын 6-нд болов. 


Тус сургууль нь Оттава-Карлтон дүүргийн сургуулийн зөвлөлийн дэргэд бага, дунд боловсролын олон улсын болон уугуул хэлний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жил сурагчид “Сентенниал” сургуулийн багш Ж.Дагийжанчив, Б.Энхтунгалаг, Б.Ган-Очир нарын удирдлага дор монгол хэл, монголын түүх, үндэсний соёл, уламжлалд суралцана.


Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос Хилийн чанад дахь монгол хэлний багш нарт зориулан Гадаад харилцааны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран 2024-2025 онд зохион байгуулсан мэргэжил, арга зүйн цахим сургалтад хамрагдаж, амжилттай суралцсан багш Б.Ган-Очирт батламж гардууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар тогтоол, “Дэлхийн монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад зориулсан эх хэлний сургалтыг дэмжих, хилийн чанадад өв уламжлал, соёлоо хадгалах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд Канад дахь монгол сургуулиуд чухал хувь нэмэр оруулж байна гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. 


相关新闻