ӨВӨРХАНГАЙ: Хэлмэгдүүлэлт цахим орчинд үргэлжилж байгааг онцлон хэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-10 14:30:59

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдөр тохиож байна. Аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөдтэй хамтран “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөө”-нд цэцэг өргөлөө.


1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд Өвөрхангай аймгаас 1500 гаруй хүн өртсөн гэх судалгаа байдаг ба тэдний ар гэр, үр хүүхдээс ирүүлсэн 600 гаруй нэхэмжлэлийн дагуу 1.5 тэрбум төгрөгийн цагаатгалын нөхөх олговрыг олгожээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэн болон тэдний төрсөн, өргөмөл үр хүүхэд гэх 65 хүн Өвөрхангай аймагт энх тунх ажиллаж, амьдарч байна.


“Цаашдаа орон нутгийн төр захиргаанаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ нэр төрийг сэргээх, эх орныхоо төлөө хийж явсан үйл хэргийг нь сурталчлах, түүхэнд толбо болон үлдсэн энэ алдаа завхралыг ирээдүй хойч үедээ зөв ойлгуулж мэдүүлэх үүргийг үргэлжүүлэн гүйцэтгэнэ” хэмээн ИТХ-ын дарга Т.Нарангарав хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хандан хэллээ.


Мөн аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг хэлмэгдүүлэлт нь одоо ч цахим орчинд үргэлжилж, хүний нэр төрд халдах, гутаан доромжлох хэлбэрээр амиа хорлох хэмжээнд хүргэж байгааг хэлсэн үгэндээ онцлов. Тиймээс энэ байдалд анхааралтай байж, соргог мэдрэмжтэй хандаж, цахим хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ажлыг тасралтгүй хийх ёстой гэсэн юм.


Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Ганданпунцоглин хийд дээр зул өргөж, ном хурах, ЕБС-ийн сурагчдад сургалт хийх ажлаар үргэлжилж байна.  

 

相关新闻