Зөвшөөрөлгүй борлуулалт хийж байсан согтууруулах ундааг хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад, Гашуунсухайт боомт орчимд зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа борлуулж байсныг хураажээ.
Уг жижигхэн сууринд байнгын оршин суугч нь 1500 орчим байдаг бөгөөд албан ёсны багийн иргэд нь ердөө 100 гаруй ажээ. Тэгтэл тэнд архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр 8 байдаг байна.
Монгол Улсын Үйлдвэр худалдааны сайдын 2005 оны тушаалд 500 хүн тутамд 1 архи, согтууруулах ундаа зарж борлуулах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байхаар заасан байдаг боловч энэхүү жижигхэн сууринд архины борлуулалт ч, хэрэглээ ч хэрээс хэтэрчээ. Шалтгаан нь аймгаас хүссэн болгонд тусгай зөвшөөрөл олгодог, мөн байнгын цагдаагийн хяналт байдаггүйтэй холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Тус газарт аймгийн Цагдаагийн газраас хоёр хоног ажиллахдаа зөвшөөрөлгүй зарж борлуулж байсан нилээд хэмжээний архи, тамхи илэрснийг хураан авч холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Д.Мишигсүрэн