Өвлийн халаалтад зориулж 340 мянган тонн түлш бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 08:50:42

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өвлийн халаалтад зориулж энэ жил 40 мянган тонн мидлинг, импортоор 306 мянган тонн хагас коксжуулсан шахмал түлш авч, нийт 340 мянган тонн түлшийг борлуулалтын 400 цэгээр худалдахаар төлөвлөөд байна.


Төмөр замаар нүүрс тээвэрлэх, тээврийг тусгай төлөвлөгөөгөөр тасралтгүй зохион байгуулахыг ЗТЯ, төмөр замын байгууллагууд хариуцах юм. Иймд төмөр замын байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн эзэмшлийн вагонуудаас нийслэлийн өвлийн бэлтгэл, нүүрс тээвэрлэлтэд оролцуулах, үүнд хувийн хэвшлүүдийн нөөц боломжийг дайчлах, төмөр замын байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттай ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн алба зэрэг төмөр замын байгууллагуудын дарга удирдлагыг хүлээн авч уулзахдаа даалгасан юм. 



Энэ үеэр Улаанбаатар хот рүү төмөр замаар тээвэрлэх мидлинг, хагас коксжсон нүүрсийг тээвэрлэхэд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, төмөр замын тээврийг тасралтгүй хийх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нүүрс тээвэрлэлтэд явах галт тэрэгний хүрэлцээ хангамж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэхийг хэлэлцлээ.


Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг эх үүсвэрээс үүдэлтэй байдаг.

相关新闻