Залуу аварга Ч.Санжаадамба наадмаас хойш анх удаа зодоглон барилдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-11-12 15:33:55

Өнөөдөр Бөхийн өргөөнд "Хантайшир" бөхийн дэвжээний 15 жилийн ойд зориулсан 224 бөхийн барилдаан болж байна.

Энэ барилдаанд Улсын баяр наадмаар 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба тэргүүлэн наадмаас хойш анх удаа барилдаж байгаа нь бөхийн хорхойтнуудаа баярлуулав. Мөн Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээнийхэн 15 жилийн ойгоо угтаж олон ажил зохиож байгаагаас ЭНЭМҮТ-д хүүхдийн эмчилгээнд хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж бэлэглэсэн нь бөхчүүлээс анх удаа эрүүл мэндийн салбарт тусалсан санаачилга болов. Говь-Алтай аймаг бөхчүүдээр улсдаа тэргүүлсээр яваа. Улсын наадамд хоёр удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн дархан аварга Ш.Батсуурь болон Улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй олон бөх цолоо ахиулах боломжтой гэж бөхийн хорхойтнууд үнэлдэг. Өнөөдрийн наадмаар ч энэ жилийн наадмаар түрүүлсэн аварга Ч.Санжаадамба, Улсын заан цол хүртсэн Д. Пүрэвсайхан нар бөхчүүлийг магнайлан барилдаж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻