Т.Очирпүрэв: Монгол гутал байгальд ээлтэй, өмсөхөд эвтэй, удаан эдэлгээтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хайрхандулаан сумын харьяат малчин Т.Очирпүрэв удмынхаа дөрвөн үеийн ур чадварыг өвлөж, уламжлалт гар хийцийн монгол гутлыг урлаж байна. Хуучин цагийн болон орчин үеийн хийц загвараар ямар ч гутал урласан, дандаа гараар оёдог нь түүний арга барил юм. Саяхан “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадмын үеэр сайд Ч.Ундрам түүнд өв соёл шингэсэн, хуучны хийц бүхий монгол гутал захиалжээ.
-Та хэзээнээс монгол гутал урлаж эхэлсэн бэ? Удам дамжсан урлаач гэж
сонслоо.
-Манай гэр бүлийнхэн
дөрөв дэх үедээ
монгол гутал, гөлөм
урлаж байна. Миний мэдэхийн элэнц өвгөөсөө өвөө, ааваар дамжуулан өвлөж
авсан. Түүнээс өмнө нь гар урлал хийдэг байсныг үгүйсгэхгүй.
Намайг бага байхад ээж их юм оёулдаг, заагаад зарим үед загнаад их суулгадаг байлаа. Материал ховор, хуучин хром гуталны түрүүгээр гутлын хараа хийнэ. Хуучин монгол гутал уллана. Сүүлдээ үеэл ах нарынхаа гутал хийж байгааг хараад суучихдаг, тэгээд 2003 оноос бие даан хийж эхэлсэн дээ.
Монгол гутал урлах гар ажиллагаа ихтэй, хүнийг тэвчээртэй суулгаж сургадаг. Хойш тавиад байвал гараас гарна гэж байхгүй. Аав маань айлын бага, ах нар нь бүгд гарын уртай хүмүүс байсан. Том ах нь "Үнэн" сонины хэвлэх үйлдвэрт ажилладаг, Сүхбаатарын зурагтай таван хошуу тэмдгий загвар зургийг гаргасан хүн. Бас монгол гутал, хөөрөг хийнэ. Мод, төмрөөр ч янз янзын юм хийнэ. Улсын хугарсан, гэмтсэн гаансыг янзалж өгнө.
Бас нэг ах нь их нямбай, удаан, залхуудуу байлаа. Жилд нэг, хоёр л монгол гутал гараас гаргана. Тэр нь авсан хүнийхээ хэдэн үеийг дамжихаар чанартай эд гарна. Миний аав айлын бага учраас ах нарынхаа хийсэн гутлаар гангардаг, юмны үнэ цэнийг мэддэг, сайхан морь унадаг ганган хээнцэр хүн байлаа. Наадам дөхөхөөр нутгийн хүмүүс олноороо ирж, морины дэл, өөрсдийнхөө үсийг засуулна. “Ажлаа бараад хүний үс засаад суучих юм” гээд ээж загнадаг байсан юм. Одоо үеэлүүд хотод бүгдээрээ л гар урлал хийж байна. Төрийн том хүмүүс, бөхчүүдэд захиалгаар гутал их хийж өгнө.
Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа шарга морьтой зураг их авахуулдаг байсан даа. Тэр моринд тохдог эмээлийн гөлмийг нь Ц.Дашдорж гээд манай үеэл зураг хэвийг нь гаргаж, бүгдээрээ хамтарч оёж байлаа. Сая Э.Батмагнай аваргын гутлыг хийх захиалга авсан гэсэн.
-Та бүгдийн гутал урлах арга барил, онцлог нь юундаа байна вэ?
-Бүх зүйл гар ажиллагаатай. Цаасан
дээр хээ угалзаа зурчихаад модон дээрээ буулгачихаад тэрийгээ нарийн багажаар
ухна. Ингэж хэвээ бэлдчихээд сарьсаа тавьж хэвлэнэ. Хээнийх нь ард олсон утас
гүйлгэнэ. Хээний нүднүүдэд алтан харгана, ногоон сарьсаа хийнэ. Бүгдийг нь
бэлэн болсны дараа нарийвчилж өөлөөд зулаг дэрээ тавьж нарийн шивүүрээр шивж
оёно. Хамгийн сүүлд нь угсарна. Үндсэндээ зургаан дамжлагаар явдаг.
Шивүүр, багажаа өөрсдөө хийнэ. Өвөө, аавын үед арай бүдүүн утсаар оёдог байж. Би илүү гоё харагдуулахын тулд нарийн шивүүрээр нарийн оёдол хийж байгаа. Зарим хүмүүс машины оёдолтой андуураад байдаг. Улны, их биений, хээний шивүүр бүгд тусдаа. Энэ хутга их марзан эд байгаа юм. Өвөө энэ хутгаар сахлаа авчихдаг байсан юм гэнэ лээ. Их иртэй, би хээ ухдаг юм.
-Алтан харгана гэж ургамлыг хэлээд байна уу?
-Тийм. Хадтай, арцтай газар ургадаг. Байгалиас түүхдээ малын хөлөөр унасныг нь авах болохоос ургаж байгааг нь гэмтээж, хугалж авахгүй. Дээр үед монгол гутал урлахдаа их хэрэглэдэг байсан юм. Хальсыг нь цэвэрлэж аваад хээнийхээ ард хийнэ. Байгалийн бүтээгдэхүүн учраас хэдэн арван жил болсон ч гандахгүй, их гоё харагдуулна. Улаан харгана гэж бас байдаг. Тэр нь болохоор их өргөстэй.
-Монгол гутал хийц загвараараа өвөрмөц. Өөр юугаараа давуу талтай вэ?
-Байгальд их ээлтэй гутал. Өсгий, хоншоор байхгүй, үргэлж ултай учраас газар сэндийлж, хөндийлөхгүй. Бас их удаан эдэлгээтэй. Их бие нь сайхнаараа байх юм бол наамал улыг нь солиод яваад байна. Буруу, зөв гэж байхгүй. Өмсөхөд эвтэйхэн, бас бэлгэдэлтэй. Манай монголчууд дээр үед өөрсдөө л гутлаа эсгээд уллаад оёод өмсчихдөг байсан. Тэр үеийн булигаар, сарьс гэж мундаг эд байсан байна.
-Та хуучны булигаар, шир, түүхий эдээ хаанаас олж байна вэ?
-Эцэг өвгөд нь юм хийдэг байсан, эсхүл хадгалагдаад ирсэн хүмүүсээс л үнэ тохироод, заримдаа гутлаараа холио солио хийгээд олж авна. 1960-1970 жилийн өмнө хүмүүс ажиллуулсны цалин пүнлүүнд ийм булигаар, сарьс, арьс шир өгдөг байсан юм билээ. Олдохгүй, ховор учраас үнэтэй байхаас ч аргагүй. Одоо энэ булигаар гэхэд ерээд настай.
-“Янжин гахай” гэж үнэ цэнтэй, их сайн арьс, ширийг хэлдэг байх даа?
-Дээр үеийн арьс ширийг маш сайн боловсруулдаг байж. Хятадад Янжин хот гэж арьс шир боловсруулдаг үйлдвэр байсныг настай улсууд ярьдаг юм. Би гутлынхаа улыг бат бөхийг нь бодолцоод хуучны янжин гахай гөлөм ашиглаад хоёр давхар улладаг. Ийм л эдэлгээ сайтай, үнэ цэнтэй эд байгаа юм даа. Гутал хийхийн тулд норгож, боож тавьж зөөлрүүлж байгаад хээ тавина. Одоо бол технологи нь алдагдаад мартагдаад ийм чанартай булигаар, сарьс хийхээ байсан.
-Монгол гутлын хээ, угалз учиртай юу?
-Дээд тал нь 32, 64 угалзтай байдаг. 32 угалзтай байх нь илүү зохимжтой. Гутлынхаа донжид тааруулаад хээг янз янзаар хийж болно. Зээгт оёдлоо их нарийн хийнэ. Хоёр олсон утсыг нэгийг нь солгой, нөгөөг нь баруун томоод нийлүүлж оёно. Тэгээд зээгээ дөрвөн өнгийн утсыг уусгаж, оёогоо ил гаргахгүйгээр шигтгэж оёно. Давхар зээгтэй гэж бас байдаг.
-Нэг монгол гутлыг хэд хоногт гараас гаргаж байна вэ?
-Зээгтэй гутлыг 3-4 сар оёно. Зээггүй, зургаан угалзтай, одоо үеийн хэрэглэлтэй гутлыг 14 хоногт гаргачихдаг юм. Монгол гутал оёход нүдний ур, гарын ур, ухааны ур их шаардана. Арьсан дээрх сийлбэр л гэсэн үг дээ.
-ССАЖЗ-ын Ч.Ундрам сайд танд монгол гутлын захиалга өгсөн гэв үү. Ер нь танд хамгийн өндөр үнэ хүрсэн, үнэ цэнтэй ямар гутал байна вэ?
-Уянга сумын малчин, улсын аварга Б.Бор хоёр хос гутал захиалж, 25 тугалтай үнээгээр өгч байсан. Хамгийн үнэтэй нь тэр байгаа юм. Сая “Нүүдэлчин” соёлын их наадамд анх удаагаа оролцлоо. Миний хийсэн уран бүтээлийг хүмүүс их үнэлсэн. Зээгэн оёдлыг их асууж сонирхож байна билээ. Ч.Ундрам сайд манай отгоор зочилж, миний бүтээлтэй танилцаад хуучны уламжлалт хийц бүхий монгол гутлын захиалга өгсөн. Энэ өвөл хийнэ дээ.
-Гэр бүлийн хүмүүс нь тусалж дэмжээд хамт оёдог юм байна шүү дээ.
-Манай эхнэр энэ бүх нарийн оёдлуудыг
хийнэ. Хүү том оёдлуудыг нь оёчихно. Оёход бас учир бий. Би хүүдээ зааж өгдөг
юм. Нэг сул, нэг чанга оёод байж болохгүй. Утсаа байн байн эрчилнэ. Түрийний эмжээр
энэ оёог нарийн харах юм бол алхан хээ гаргаж шивсэн байгаа. Ер нь их
тэвчээртэй хүний ажил даа. Хүүхэд, залуучууд суръя гээд ирдэг юм. Хэсэг сууж
байгаад залхуураад “Хэзээ энийг дуусгаж мөнгө олох вэ, бүтэхгүй юм байна” гээд хаяад
явчихдаг.
-Баярлалаа. Үйл уран, амжилт бүтээл арвин байг ээ.