ОРХОН: Ахмад дайчид болон чөлөөнд байгаа офицеруудад хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Д.Батлут Орхон аймагт амьдарч буй ахмад дайчин Д.Дугаржав гуайд хүндэтгэл илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, төрийн дээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор соёрхсоныг гардуулан өглөө.
Тэрбээр тусгаар Монгол Улсыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн дэлхийн II дайны төгсгөл, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 21 мянга гаруй монгол цэргийн төлөөлөл, түүхэн гавьяаны эзэн юм.
Мөн Орхон аймагт ажиллах үедээ бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч нарт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Бид ялав” медалийг гардуулан өглөө.