Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-17 12:46:51

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны энэ оны III улирлын ерөнхий шалгалтыг өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.


Шалгалтыг есдүгээр сарын 17-23-нд ажлын таван өдөр Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.  Энэ удаагийн шалгалтад 1986 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө дөрвөн ээлжээр, нэг удаадаа 100 иргэн шалгалт өгөх юм. Төрийн албаны гуравдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4043 иргэн бүртгүүлжээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Төрийн албаны ерөнхий шалгалт цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болсон. Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох дүрэм журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсноор иргэд шалгалтад тэнцэх, өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэлээ.



Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “21 аймаг болон нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтыг 22 байршилд зохион байгуулж байна. Шалгалтад тэнцсэнээр Төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцон, цаашид төрийн албанд ажиллах үүд хаалга нь нээгдэх юм” гэв.


Ташрамд сонирхуулахад, нийслэлд энэ оны I, II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад 3515 иргэн бүртгүүлснээс 68.5 хувь буюу 2408 иргэн шалгалт өгч, 1087 иргэн тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэн шалгалт өгснөөс 19 нь тэнцэж, нөөцөд бүртгүүлэх болзол хангасан байна. 

相关新闻