О.Буянтогтох: Өвөг дээдсийн нууц мэдлэгийн нэг бол далны мэргэ юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Өвлөн уламжлагч далаар мэргэлдэг, зоос татдаг Төв аймгийн Дэлгэрхаан сумын О.Буянтогтохтой ярилцлаа.
-Далаар мэргэлж, зоос татаж аливаа зүйлсийг харах
чадвартай байна гэдэг маш их сонирхолтой юм. Энэхүү чадварыг анх яаж, хэнээс
суралцсан бэ? Таны удамд мэргэлдэг хүн байсан уу?
-Миний эмээ, ээж хоёр далаар мэргэлдэг хүмүүс байсан. Хүн мэргэлж байхад нь хараад зургаан настайгаас эхлэн ихэд сонирхож суралцсан. Далаар мэргэлэх нь хэлж чадаад, шатааж чаддаг бол үнэн хэлдэг. Мал алдах үед зүг чиг хэлэх, цаашид хийх ажлын бүтээмж зэргийг тодорхойлон хэлж болдог. Цаашид уламжлуулахаар сонирхож байгаа хүүхдэд зааж өгдөг.
-Энэ мэргээр мэргэлэхдээ юун дээр анхаарах шаардлагатай байдаг вэ? Буруу тайлах
тохиолдол бий юу?
-Эрт дээр үеэс л уламжилж ирсэн өвөг дээдсийн нууц
мэдлэгийн нэг бол далны мэргэ юм. Далаар мэргэлэхийг цагаанаар, хараар мэргэлэх
гэж ангилдаг бөгөөд дал бүр өөр өөр шатдаг. Далны өнгө, хэлбэр, гадна байдал,
үсэг, ан цав үндсэн шинжийг ажиглаж, жижиг хэсгийг ч анзаарч тайлж сурах нь
чухал. Буруу тайлбал тайлж уншиж байгаа хүнд халтай гэж ихэд цээрлэдэг тул зөв
унших хэрэгтэй. Далыг хүндэлж цэвэр газар хадгалдаг.
-Далыг шатаахад юун дээр анхаарах шаардлагатай байдаг бол?
-Олон хүнтэй газар шатаахгүй, дээд тал нь 2-3 хүний дэргэд тавих, далыг түлж
байхад гаднаас хүн оруулахгүй байх, аргал болон харганы зөөлөн гал дээр шатааж
мэргэлэх гээд олон зүйлс дээр анхаарах шаардлагатай байдаг. Цаашлаад усанд унасан, араатан жигүүртэнд бариулж идүүлсэн, ямар нэгэн хүчин
зүйлээс болж үхсэн зэрэг малын далыг ашиглахыг цээрлэдэг.
Далаар төлөг тавьдаг хүн далыг муулж элдэв үгээр хэлэх, буугаар буудах, шидэж
гэмтээх, хөлөө дэвслэх, усанд хаях, зориудаар хугалж гэмтээж болдоггүй. Харин төлөг тавиулж байгаа хүмүүс өөр
хоорондоо ярих эсвэл хөлөө ачих, элгээ тэврэхгүйгээр мэргэлүүлэх хэрэгтэй.
Энэхүү бүхнийг зөрчвөл дал худал хэлж мэргэ төөрөг төөрдөг гэж үздэг.
-Хар цагаан гэж ангилдаг гэсэн. Үүнийг нь яаж мэддэг вэ?
Мэргийг энгийн хүмүүс тайлж унших боломжтой юу?
-Мэргийг тайлан уншиж, хэрхэн тайлах нь мэргэч төлгөч хүний ухаан билиг, зөн
совин хоёр байдаг. Далны мэргэ хийх нь залуу хүнд халтай гэж ярьдаг. Далыг
худал уншиж тайлбал над шиг хувхайрч байгаарай гэж хараадаг гэлцдэг.
Тиймээс мэдэх мэдэхгүйдээ цээр тавин хандаж байгаарай.
Далны таван оронд хар цагаан 2 зам бий. Бурхны орон, лусын орон, тэнгэрийн орон, дайсны орон, эрлэгийн орон гэх таван орноор болон тэнгэр газар, лус савдаг, эрлэг ад хорлол, бурхан шүтээн онгод гэх мэтээр хар ба цагаан замаар шатааж мэргэнд буулгана.
Хонины далны ясыг галд шатааж, улмаар түүнд үүссэн цуурал,
зураас, хагарал, өнгө хувирал зэргийг олж сайтар ажиглана. Бүх шинж тэмдгийг
нэг нэгэнгүй мэдэж авах нь төвөгтэй бөгөөд нэлээдгүй туршлага шаарддаг.
-Далаар мэргэлэн түүнийг тайлж унших талаар товч мэдээлэл өгвөл?
-Хонины баруун хааны далыг чанаж махнаас нь салгаж ясыг нь барьж мэргэлэх зүйлээ шившин галд шатаана. Далыг галд шатааж байгаа үед чимээ бүрийг алдалгүй сонсож, анхааралтай байх хэрэгтэй. Далны хамар хугарч унавал бие лагшин муудах төд удалгүй илаарших, яс тууш шулуун цуурж шатсан бол хийх ажил саадгүй, хэрэв хөндлөн цуурсан юмуу эсвэл өмөрч унасан байвал зорьж буй ажлаа хийхгүй байх зэрэг олон төрлийн тайлал бий.
-Ярилцсанд баярлалаа.