ТӨВ: Дуучин Х.Мөнхтүвшин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-18 16:26:51

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар театр”-ын дуучин Х.Мөнхтүвшин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээ өнөөдөр гардан авлаа.


Улс болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа Төв аймгийн Лүн сумын уугуул иргэн юм.


Тэрбээр 2018 онд Соёл урлагийн их сургуулийг “Дуурийн дуулаач”-ийн мэргэжлээр төгссөн. Төгссөн жилдээ БНСУ-ын Засгийн газрын 100 хувь тэтгэлэгт тэнцэж, БНСУ-ын Үндэсний их сургуульд суралцаж 2022 онд төгсжээ.


Үүнээс хойш ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон П.И.Чайковскийн нэрэмжит 17 дахь удаагийн уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцсоноос гадна Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын 14 дүгээр уралдааны 2 дугаар байр, Азербайжан улсын Баку хотод зохион байгуулсан Бюльбюлийн нэрэмжит уралдаан, ОХУ-ын Саха улсад зохион байгуулсан ОХУ-ын АЖ А.А.Адамовойн нэрэмжит олон улсын хоёрдугаар уралдааны 2 дугаар байрын шагналыг хүртсэн юм.


Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан дэлхийн нэрт Меццо-сопрано Елена Образцовагийн нэрэмжит олон улсын 15 дугаар уралдаанд 19 орны 400 орчим дуучнаас финалистаар шалгарч "Дипломат" болон "Үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогч"-ийн шагнал хүртсэн байна.


Түүнчлэн Казахстан улсын нийслэл Астана хотын "Астана Опера" театрын залуу дуучдын шалгаруулалтад тэргүүн байр, Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулсан Blacksea фестиваль, “Opera Golden Voice” олон улсын 2 дугаар уралдааны хагас финал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит зургаадугаар уралдааны 3 дугаар байр, ОХУ-ын Москва хотноо зохион байгуулсан Хибла Герзмавагийн нэрэмжит 2 дугаар уралдаанд 23 орны 978 оролцогчоос шилдэг 40 дуучинд шалгарсан амжилтыг үзүүлжээ.


Энэ онд ОХУ-ын Тверь хотноо зохион байгуулсан С.Я.Лемешевийн нэрэмжит Олон улсын дөрөвдүгээр уралдааны 3 дугаар байр, Б.Шаравын нэрэмжит "Сэрсэн тал-2025" улсын дуу хөгжмийн гуравдугаар уралдааны 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.


Түүний бүтээсэн дүрүүдээс дурдвал “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Г.Доницетти-Il Campanello" дуурийн Энрико, В.А.Моцартын "Дон Жуан" дуурийн Дон Жуан, В.Беллини "Капулетти и Монтекки" дуурийн Лоренцогийн дүрийг бүтээж олны хүртээл болгожээ.

 

相关新闻