Европын Комиссоос Израилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-18 14:52:21

БРЮССЕЛЬ, 2025 оны есдүгээр сарын 18 /TASS/. Израилаас Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаатай холбогдуулан Европын Комиссоос /ЕК/ тус улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан тухай комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ. 


“Газын зурваст өдөр бүр болж буй аймшигт үйл явдлуудыг зогсоох ёстой. Нэн даруй гал зогсоох, хүмүүнлэгийн бүх тусламжийг саадгүй хүргэх, ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа бүх хүнийг суллах шаардлагатай байна. Европын Холбоо бол хүмүүнлэгийн тусламжийн томоохон хандивлагч бөгөөд хоёр улс зэрэгцэн оршин тогтнох зарчмыг дэмжсэн хэвээр байгаа. Эдгээр зарчимтай холбогдуулан, мөн Баруун эрэгт болж ноцтой үйл явдлыг харгалзан бид иргэний нийгэмтэй хийж буй хамтын ажиллагаа болон “Яд Вашем” холокостын дурсгалд нөлөөлөхгүйгээр Израилд үзүүлэх дэмжлэгийг зогсоохыг санал болгож байна” гэж ЕК-ын даргын мэдэгдэлд дурдсан байна. 


Энэхүү шийдвэр нь 2025-2027 оны санхүүжилтийн төсөв, түүнчлэн институцын хамтын ажиллагааны хүрээнд Израилын талтай хэрэгжүүлж буй төслүүд, Европын Холбоо-Израилийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг хамарсан санаачилгад хамаарна гэж ЕК-оос тодрууллаа. Уг шийдвэр нь хүмүүнлэгийн хөтөлбөрт нөлөөлөхгүй гэдгийг Комисс мөн тодотгов.


Израил, Европын Холбоо хооронд байгуулсан гэрээний 2-р зүйлд “хүний эрх, ардчилсан зарчмыг хүндэтгэх” заалт бий бөгөөд үүнийг зөрчвөл Европын Холбоо хамтын ажиллагааны цар хэмжээг дангаараа хязгаарлах эрхтэй гэдгийг дурджээ. 


Европын Комисс Газын бүсэд Израилын явуулж байгаа ажиллагаатай холбогдуулан тус улсын эсрэг олон арга хэмжээ авахыг есдүгээр сарын 17-ны өдөр санал болгосон байна. Израилын Зэвсэгт хүчин ХАМАС-ыг бут цохих зорилгоор Газа хот руу дайралтаа  эрчимжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өмнө нь мэдэгджээ. Үүнээс өмнө Израилын арми хотын оршин суугчдад хандан тулалдааны бүсийг орхин явахыг уриалсан байна. 




相关新闻