ТӨВ: Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг Төв аймгийнхан өнөөдөр тэмдэглэж, хүндэтгэлийн үйл ажиллагаагаа “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Төв аймгийн хүүхдийн байгууллагын түүхийг бүтээлцсэн үе үеийн хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож, салбарын шагналаар шагнуулсан юм.
Түүнчлэн 100 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газраас өсвөр насны хүүхдүүдийн дунд цахим тоглоом зохион байгуулж, хүүхдийн сэдэвтэй найман кино, уран бүтээлийг үнэ төлбөргүй хүүхэд багачуудад үзүүлж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа.
Түүхийн хуудсыг сөхвөл, 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г байгуулж, Пионерын товчооны анхны даргаар залуу зохиолч Д.Нацагдорж ажиллаж байв.
Тэрээр 19 настайдаа хүүхэд, багачуудыг удирдан гимнастик хийлгэх, нийтийн тоглоомоор наадах, улаан булан ажиллуулах, шинэ цагийн гадаад болон монгол дуу, бүжиг хөгжим заах, пионерын цагаан цамц, богино хөх өмдөөр жигдрүүлээд бүрээ, бөмбөрийн аялгуунд хөл нийлүүлэн алхаж байв.
Мөн бүхий олон багачуудаа дуулан хотын гудамжаар явах зэргээр олон нийтийн сонирхлыг татаж, хүүхэд багачуудыг эгнээндээ нэгтгэж, тэднийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх, тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж өнөөгийн хүүхдийн байгууллагын эхлэлийг тавьсан юм.
Төв аймгийн Хүүхдийн байгууллагын хөгжил 1996 онд үүсэж байв. Аймгийн Засаг даргын 1996 оны захирамжаар аймгийн ЗДТГ-ын дэргэд 2 орон тоотойгоор байгуулж байсан “Хүүхдийн төлөө төв” нь одоогийн Хүүхдийн байгууллагын /Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар/ үндэс суурь юм.
Хүүхдийн байгууллага нь өдгөө орон нутагт гэр бүл, хүүхдийн
хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомж, төрөөс баримталж буй
бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, хяналт тавих, эрх нь зөрчигдсөн хүүхдийг
хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн
боловсрол олгох ажлыг олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан
зохион байгуулж, 60 ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа
явуулж байна.