ӨВӨРХАНГАЙ: Орон нутгийн хамгаалалтын дадлага сургуулилт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-20 10:45:54

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалт”-ыг Богд суманд зохион байгуулж байна.


Батлан хамгаалахын сайдын болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Сант, Баянгол, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг сумын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүнийг уг сургалтад хамруулан болзошгүй цагийн байдалд ажиллах, ур чадвар эзэмших, тасаг, салааг гар нийлэмжтэй ажиллагаанд сурган жигдрүүлэх мэдлэг, дадлыг олгож байгаа юм. Сургалт 9 дүгээр сарын 17-20 хүртэлх  өдрүүдэд үргэлжилнэ.


Орон нутгийн хамгаалалт нь улс орны батлан хамгаалах тогтолцооны тулгуур хэсэг бөгөөд бүх нийтийн оролцоонд түшиглэн иргэдийг болзошгүй аюулын үед эх орноо хамгаалах мэдлэг, чадвар, дадалтай болгох, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэдэг цогц арга хэмжээг хэлнэ. 

相关新闻