ӨВӨРХАНГАЙ: Эрүүл мэндийн шинэ стандартын анхны жишиг төвийг суманд байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-20 12:37:33

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баян-өндөр суманд орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвийн барилга бүрэн ашиглалтад орж, тойргийн сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

Жилд 500 хүн хэвтэн эмчлүүлэх, амбулаториор 8000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлгийн барилгыг Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны 6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.


Мөн “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд 65 нэр төрлийн 95 ширхэг тоног төхөөрөмжөөр хангасан байна. Ингэснээр лавлагаа шатлалд үзүүлдэг тусламжуудыг үзүүлэхээс гадна шүд, эхо, рентген, эмэгтэйчүүд, уламжлалт, жижиг мэс ажилбарууд хийх боломж бүрдсэн юм.


Тус барилга нь суманд эрүүл мэндийн шинэ стандартын дагуу баригдаж байгаа анхны жишиг төв болж байгаа ба улсын хэмжээнд зургаан суманд байгуулна гэдгийг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэллээ. Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төв нь нарийн мэргэжлийн 25 эмч, сувилагчтай. Сумын иргэдийн дунд зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөл түгээмэл байдаг байна.

相关新闻