ӨВӨРХАНГАЙ: Үзэсгэлэн худалдаагаар 90 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-21 16:01:07

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэн хүлээдэг “Өвөрхангай түншлэл-2025 намрын үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгийн 17 сумаас болон Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 100 гаруй бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгчид оролцож, 90 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан юм.


Ялангуяа, нутаг орондоо үйлдвэрлэсэн хүнсний брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж, үнийн хувьд ч харьцангүй хямд байсан нь энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог байлаа. Тухайлбал, Богдын ямааны ааруул, Төгрөгийн Мазарын даршилсан ногоонууд, гоёоны архи, Баруунбаян-Улааны тарвас, улаан лооль, Бат-Өлзийн зөгийн бал, Есөнзүйлийн улсын брэнд айраг, монгол архи гэхчлэн олон зүйлийг дурдаж болно.


Мөн гар урлаачид нутгийн онцлогийг харуулсан төрөл бүрийн бэлэн дурсгалын эд зүйлийг урлаж дэлгэсэн бол бизнес эрхлэлт, санхүү зээл, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зөвлөгөө, мэдээллийг өгч буй аж ахуйн нэгжүүд олон байлаа.

Өвөрхангай түншлэл” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулж, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, үйлдвэрлэл, худалдан авалтыг нэмэгдүүлж, зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлж байна. 





相关新闻