Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-22 16:40:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв.

 

Иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 100,306 санал авсан тул асуудлыг хэлэлцэн, ХХОАТ-ыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлахыг зарчмын хувьд дэмжлээ.

 

Байнгын хорооны гишүүд тухайн иргэн ажил хөдөлмөр эрхэлж, орон сууц авч анхдагч хэрэгцээгээ хангаж байхад татвар ногдуулах нь тохиромжгүйг хэлж байв. Мөн ХХОАТ-ыг 21.2.1 заалтыг хэрэгжүүлэхдээ хувь хүний хэрэгцээнд үү, үл хөдлөх хөрөнгө борлуулагч бизнес эрхлэгч үү гэдгийг ялгаж салгах, өрхийн хэрэгцээнд байраа томруулж буй иргэдэд анх удаагаа гэлтгүй хоёр дахь, гурав дахь худалдан авалтад ч дэмжлэг үзүүлдэг байх нь зүйтэй гэж үзэв.


Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг 1993 оноос ногдуулж буй бөгөөд уг татвар нь орон нутаг, сум дүүргийн анхан шатны төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төсвийг бүрдүүлэгч гол орлого болдог байна. Өнгөрсөн оны байдлаар үл хөдлөх хөрөнгө борлуулсан татвараас 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн аж. 


相关新闻