ХОВД: Хүний эрхийг хангах чиглэлээр санал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийг өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн Булган суманд зохион байгуулжээ.
Энэ үeэр "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II" төслийг иргэдэд танилцуулж санал авлаа.
Иргэд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтыг сайжруулах, ундны усны аюулгүй байдлыг хангах, хүүхдийн тоглоомын талбай, суралцах орчин, дотуур байрны нөхцөл байдал, ном сурах бичгийн хүрэлцээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, газар олголт зэргийг тэгш хүртээмжтэй болгоход анхаарах шаардлагатай талаар санал хэллээ.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын баг иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, эрх, эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл, гомдол хүлээн авах, төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллажээ.
Үүнээс гадна Булган сум дахь цагдаагийн хэлтэс, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэх хяналт шалгалт хийлээ.
Улмаар дээрх ажлын багийнхан хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр орон нутагт бодит, үр дүнтэй ажил зохион байгуулахыг онцгойлон анхааруулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хуулийн хүрээнд нэгдсэн санал зөвлөмж гаргахаар болжээ.