СОР17, "Хөх сувд"-ыг зохион байгуулах зардлыг нэмж тусгасан болохыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, УИХ холбогдох хуульдаа өөрчлөлт оруулж, ирэх оны төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсон талаар танилцуулж, энэ хүрээнд олон нийтээр төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлж буйг онцлон дурдсан юм. Хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам салбарын 2026 оны төсвийн төслийн хэрхэн боловсруулсан талаар болон яамнаас барьж буй бодлого, зарчмын талаар танилцуулав. Тэрбээр, соёлын зөөлөн хүчний бодлого, хамтын түншлэл, инновац, эдийн засгийн интеграцын бодлогыг баримтлан ажиллаж буйг тодотгоод, монгол хүний бахархлыг төлөвшүүлэх, залуучуудын манлайлал, энтрепренёршипыг дэмжин ажиллаж буйгаа танилцуулсан юм. Түүнчлэн соёлын өвийн менежментийг хөгжүүлэх, биеийн тамир, спорт, үндэсний, сонгодог, орчин үеийн урлагийн төрлүүдийг модернизац, технологи, инновацаар шинэчлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх боломжийг дэмжинэ гэлээ.
Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн чадавх, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч, салбарын хүний нөөцийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, стратегийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Сайдын танилцуулснаар тус салбарт 485 байгууллагын 6994 ажилтан, албан хаагч ажилладаг бөгөөд 2026 оны цалингийн төсөвт 225.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгажээ. Урсгал зардалд 331.2 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 169.4 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Тодруулбал, соёлын салбарт 122.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 35 төсөл арга хэмжээ, спортын салбарт 42.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 24 төсөл арга хэмжээ, аялал жуулчлалын салбарт 4.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 3 төсөл арга хэмжээг тус тус тусгажээ.
Улсын хэмжээнд салбарын барилга байгууламжийн насжилт өндөр тул засварын ажил хийхээс гадна ариун цэврийн байгууламжтай болох асуудлыг дурдав. УИХ-д өргөн барьсан урсгал төсвийн өөрчлөлтөөр СОР 17 хурал, "Хөх сувд" арга хэмжээний зардал нэмэгдсэн бол орон тооны бууралтаар цалингийн сан, мөн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж, аялал жуулчлалын салбарт төрөөс олгох татаас, залуучуудын салбарын төсөв, бодлогын арга хэмжээний зардлууд буурсан байна. Төсвийн төслийн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал, зарим арга хэмжээний төсвийн талаар тодруулан, байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.